Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудал болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой сэдвээр ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд эдгээр нөхцөл байдлын талаар үүрэг өгч буйгаа хэлээд “Иргэдийн зүгээс энэ хоёр асуудал дээр ихэд идэвхжиж байна. Нийгэмд байгаа бухимдал шударга бус зүйлтэй Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч яаж тэмцэх вэ гэдгийг анхаарч байгаа тул хамтын ажиллагаагаа ил болгомоор байна. Ерөөсөө ч Ерөнхийлөгчийн сонгуулийг ийм хүлээлтээр хийсэн. Үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд гадаадын холбогдох байгуулллагатай харилцан туслалцаж, хамтран ажиллах хэрэгтэй. Иргэдийн чих тавин хүлээж буй эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардан хийх ёстой хүмүүс нь та нар. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна.
Монголбанкны ерөнхийлөгчтэй өчигдөр уулзах үеэрээ алттай холбоотой асуудлаар бас ярилцсан. Алтны компаниуд Монгол банкинд алтыг иргэнээр тушаадаг. Валютын нөөцийг алттай адилаар үздэг тул тушааж буй алтны хэмжээг бас харах нь чухал. Алт болон газрын баялгаас үүссэн хөрөнгө оффшор данс руу орох хандлага байдаг тул үүнд мөн анхаарах ёстой.
АТГ, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, ТЕГ, ЦЕГ хамтран эдгээр асуудлаар ажлын хэсэг гаргасан байна. Одоо ажиллах хэрэгтэй.
Пакистаны Ерөнхий сайдын хүүхдүүд гадаадад оффшор данстай байсан нь илэрч, зохих байгууллагууд шалгасны үр дүнд Ерөнхий сайд огцорсон байна. Энэ хэрэгтэй нэгэн зэрэг Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шйидвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд 49 хоногийн хугацаа өгөөд байгаа. Энэ дээр шийдвэртэй ажиллахад Төрийн тэргүүн дэмжиж ажиллана” гэж байлаа.
АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нар хамтарсан ажлын хэсэг нэгэнт гаргасан тул одоо эдгээр асуудал дээр ажиллах боломж нээгдсэн гэдгийг хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна