​Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэнийхээ хувьд өөрийг нь гүтгэсэн хэргийг шалгуулахаар ЦЕГ-т гомдол гаргалаа

2017/08/04
Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр танаа

Гомдол гаргах тухай

Сошиал буюу интернэт орчныг ашиглан бусдыг гүтгэн доромжлох, нэр хүндийг нь унагаан харлуулах зохисгүй үзэгдэл хэрээс хэтэрч байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах шаардлага бий болжээ.

Иргэдийн интернэтийн хэрэглээ өргөжихийн хэрээр энэ мэт саар үзэгдэл газар авч, улмаар хэсэг бүлэг хүмүүс зөвхөн дээрх зорилгоор нэгдсэн зохион байгуулалтанд орсон нь нууц биш болжээ.

Өчигдөр буюу 2017 оны 8 сарын 2-ны өдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сайтуудыг ашиглан миний биеийг зохион байгуулалттайгаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг танхайн гэмт  хэрэг үйлдсэн мэтээр харагдуулах зорилготой ажиллагааг бусдад захиалга өгч гүтгүүлсэн мэт дүрс, дуу бүхий бичлэгийн тараасан байна. Уг бичлэг дуу оруулалт, монтаж, найруулга, зохиол бүхий байгаа нь тодорхой хөрөнгө шаардсан нарийн зохион байгуулалт бүхий ажил болох нь харагдаж байна.

Миний ажил хэргийн болоод хувь хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжлох зорилготой энэхүү үйл ажиллагаа нь тухайн бичлэгийн зохиомол байдлаар хязгаарлагдсан, эсхүл үнэхээр дүрс бичлэгт нэр дурдагдсан нэр бүхий хүмүүс болох н.Золбаяр, н.Энхмэнд гэх хүмүүсийн оролцоотойгоор хийгдсэн бодитой зохион байгуулалттай ажиллагаа юу гэдэг асуудал, түүний үнэн мөнийг олж тогтоох нь чухал байна.

Дүрс бичлэгт байх гэрч нарын мэдүүлэгт нэр дурдагдсан н.Золбаяр, н.Энхмэнд нарын хүмүүс өмнө нь тагнуулд ажиллаж байсан, гүйцэтгэх ажлын туршлага мэдлэг бүхий хүмүүс байгааг шалгалтын ажиллагаандаа онцгой анхаарч үзэх шаардлагатай байна.

Иймд дараахи асуудлыг шалгуулах хүсэлтэй байна. Үүнд:

Уг бичлэгийг зохион байгуулалттай урьдаас төлөвлөж, найруулж, монтаж, дуу оруулалт, тайлбар бүхий зохиомжилсон нь нэгэнт тодорхой байна. Иймд дүрс бичлэгийг хэний захиалгаар хэн, хэзээ хийсэн болох,
Дүрс бичлэгт дурдагдсан үйл явдал үнэхээр болсон эсэх, үнэхээр дээрх зохион байгуулалт бүхий ажиллагаа явагдсан бол үүнийг хэний захиалга, хүсэлтээр гүйцэтгэсэн болох, ямар учраас миний биеийг хамаатуулсан болох зэргийг богино хугацаанд нэг мөр шалгаж тогтоолгох хүсэлтэй байна.
Дээрх үйлдлийг бүхэлд нь дүгнэн үзвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн 20.3 дахь хэсэгт заасан “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэмт  хэргийн шинжтэй байгааг анхаарна уу.  

Миний бие өөрийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд биечлэн тайлбар, мэдүүлэг өгөх, баримт сэлт гаргах зэргээр иргэнийхээ хувьд эрхээ эдэлж, үүрэг хүлээж оролцох бөгөөд та бүхэн шалгалтын ажиллагааг миний эрхэлж буй албан тушаалын байдлыг үл харгалзан шударгаар явуулж бодит үнэнийг тогтоож өгнө гэдэгт найдаж байна. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна