Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд эхэллээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт тавьсан боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй. Ийнхүү шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна.
Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт анхан болон дунд шатны шүүхээс С.Зориг агсныг санаатайгаар, бүлэглэн хөнөөсөн хэмээн үзэж 24-25 жилийн хорих ял оноосон. Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Давж заалдах шатны шүүх уг хэргийг гэрчүүдийн мэдүүлэг болон баримтаар нотлогдсон хэмээн үзэж, анхны шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Шүүгдэгчид энэхүү шийдвэрийг эсэргүүцэн хяналтын шатны буюу Улсын дээд шүүхэд хандаад байгаа юм. Дээд шүүх уг хэргийг энэ оны зургадугаар сарын 28-нд хэлэлцэхээр товлосон ч шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад байгаа гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлт тавьсан. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс хуралдааныг хойшлуулсан байсан юм.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна