Г.Аюурзана: Анх харсан намбар Ван

2017/08/07
1988 оны зун Горькийн сургуульд явахаар хөдөөнөөс ирсэн миний хэдэн шүлгийг орос хэл рүү орчуулж суусан тэр л дүр төрхөөрөө Намбарын Энхбаяр сэтгэлд минь үлджээ. Мань эр Зохиолчдын эвлэлийн гадаад харилцааны хэлтсийн дарга, хажуу тийшээ самнасан шаргал халимагтай, их эелдэг, сайхан зантай ах байсан сан. Утга зохиолын дээд сургууль руу 20 орчим шүлгийн хадмал орчуулга илгээх ёстой байсныг явахаас минь өмнө амжиж бэлтгэсэн нь тэр.

Би дэргэд нь сууж, Энхбаяр гуай шүлгийг уншингаа эхэлж мөр мөрөөр нь оросоор дуудан эвтэйхэн сонсогдохуйц болгож тэмдэглээд, дараа нь түүнээ машиндана. Бичгийн машин дээр тийм ч сайн цохидоггүй бололтой, хоёр хуруугаараа тог тог хийлгэнэ. Тийн амандаа дуудаж байсан хэлцүүд дотроос нь би анх удаа “крявда” хэмээх үгийг сонссон юм даг. Үнэн гэдгийн эсрэг утгатай үг оноохдоо сонсогдох байдлаар нь тийнхүү украин ч юм уу, болгар-серб зүгийн “малорусский” үг сонгосон нь тэр. Хожим болтол би мөнөөх үгийг толь бичгээс ололгүй, “кривдя” гэл үү, “крявда” гэл үү хэмээн удаан эргэлзэн бодож билээ. 

Орчуулгыг минь бэлтгэж өгснийхөө дараа Энхбаяр гуай оюутны амьдралын талаар баахан зөвлөгөө өгөв. Гурав дөрвөн удаагийн тэдгээр ярианаас нь Горькийн сургуулийн талаар анхны төсөөлөлтэй болсон юм даг. Нэгдүгээр дамжаанд ганцаараа очиж байгаа надад ихэд санаа зовж, төөрч будилах вий хэмээн зарим зүйлсийг зориуд тэмдэглүүлж цээжлүүллээ. Анх галт тэрэгнээс буугаад яах ёстойгоос тэр зөвлөгөө нь эхэлсэн сэн:

-Ярославский вокзал дээр оройхон буудаг юм. Галт тэрэгнээс гараад шууд бусад хүмүүсийг дагаж алхсаар таксины зогсоол руу очоорой. Таксинд суумагцаа жолоочид нь “На улицу Руставели, где кинотеатр Орёл” гэчихээд, такси хөдөлмөгц нь “Через Марьиную рощу, пожалуиста!” гэж заавал нэмж хэлээрэй. Тэгэхгүй бол цаадуул чинь тойруу замаар аваад давхичихна шүү. Энэ нь арай дөт зам байгаа юм. 1 рубль 20-30 копеек гарах ёстой. Тиймээс задгай мөнгө эндээс бэлдээд авч яваарай. Тэр “Орёл” кинотеатр нь андашгүй, гэрэлтдэг хаягтай, тэнд ирмэгц “Сейчас на улицу Добролюбова” гээд хэлээрэй. Тэгж тусад нь хэлэхгүй бол жижиг гудамжуудыг зарим жолооч мэддэггүй юм. Оюутны байр яг зам дээр, автобусны буудлын хажуугаар эргээд л орчихно. Үүдэнд нь жижүүр авгайчуул сууж байгаа. Тэдэнд Монголоос ирсэн шинэ оюутан гэдгээ хэлээд паспортоо үзүүлээрэй. Би гадаад декан руу чинь ярьчихсан тул өрөөг чинь бэлдсэн байгаа... гэхчлэн маш тодорхой зааварлаж билээ.

Мөнөөх “Орёл” нь тэр жил хаагдсан байсан ч, таксины жолооч нар ийм кинотеатртай гудамжийг андахгүй аж. Хожим нь вокзалаас таксидах бүртээ Зохиолчдын эвлэлийн хоёрдугаар давхарт, Энхбаяр гуайн өрөөнд сонссон “через Марьиную рощу” хэмээх үгийг мөн ч олон хэлсэн дээ. Үнэхээр л Садовое кольцогоор явснаас арай дөт, 1 рублиэр татуу гардаг байлаа. 

Дараа нь Орос орон хямарч, такси хэзээ ч тоолуураар явахаа больсон. Монголд Зохиолчдын эвлэл задарч, Энхбаяр гуай Чөлөөт зохиолчдын холбоонд очиж, улмаар улс төр хөөсөөр, Соёлын сайд болсон. Цаашдын замналыг нь монголчууд бүгдээрээ мэднэ. Сайд байхад нь би нэгэнтээ ярилцлага авсанд дарга маань “Соёлын сайд уу? Шашны зүтгэлтэн үү?” гэсэн гарчиг оноочихсоноос болж (дарга яаж зассанаар л нийтлэгдэнэ шүү дээ) туслах нь манай редакци руу “Төрийн сайдыг доромжилсон Аюурзана гэгчийг ажлаас нь халахыг шаардсан” албан бичиг барин давхиж ирээд, Бал эрхлэгчид ам руугаа алгадуулаад буцаж байсан ч удаатай. Түүний талаар эсэн бусын л зүйл ярьцгаадаг. Зарим нь ортой л биз, зарим нь ч “крявда” байх гэж боддог. Ер нь зуун хувь муу хүн ч гэж, алдаа гаргадаггүй ухаантан ч гэж байхгүй. Тэр тусмаа улс төрийн хатуу шоглоомд хөл алддаггүй хүн бүр ч үгүй дэг ээ.

Юутай ч, миний хувьд холын Москва руу утга зохиолын сургуульд явахаар хөдөөнөөс ирсэн жаалын навсархай дэвтрээс шүлэг сонгон орчуулж, жижигхэн бичгийн машинаа тог тог хийлгэн суусан нь л сэтгэлд илүү тод үлдэж дээ.

Зохиолч Г.Аюурзана

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна