"Өөртөө саад бологч зүйлсийг ингэж зохицуулаарай"

2017/08/08
Өөртөө саад бологч зүйлсийг зохицуулах нь

·      Та хэд хоногийн туршид сайн унтаж чадалгүй явжээ. Өнөө орой бүх хүмүүс явж, нойр тань нилээд хүрч, хэдэн минут унтахаар хэвтлээ. Гэтэл утас дуугарч байна...

·   Баасан гарагийн орой байна. Та ажлаасаа гэртээ харихаар бэлдэж байлаа. Гэтэл “яаралтай” цахим шуудан ирж, ажил хийх ёстой боллоо.

·   Гүйцэтгэх ёстой чухал төсөл дээр ажиллаад бараг л дуусч байлаа. Ганцхан цагийн ажил үлдээд байтал хамт ажиллагч тань өрөөнд орж ирээд гарахгүй байна.

·   Эртний андтайгаа уулзаж, хамт оройн хоол идэхээр болжээ. Та оройг чухам түүнд л зориулна гэж бодож байлаа. Зөөгч захиалгыг тань авч байтал гар утас тань хангиналаа. Гэтэл 18 настай охин тань залгаж, “онцгой асуудал”-ын талаар сөхөө авах зайгүй ярьж байна. Тайлбарыг нь баахан сонсч байгаад утсаа тавьсаны дараа сэтгэл тань тавгүйцсэн байлаа.

Иймэрхүү тохиолдлууд тань танил байна уу? Магадгүй юм. Саад бологч зүйлс бидний амьдралын салшгүй хэсэг байдаг.
Саад бологч зарим зүйлсээс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг бол зарим нь яахын аргагүй байдаг. Гол нь тэдгээрийг зохицуулах хэрэгтэй байдаг.
 
Төлөвлөх нь

Саад бологч ихэнх зүйлс таны төлөвлөсөн зүйлс бусдын эрэмбэ, ажлын дараалалтай зөрсөнөөс болдог. Хамт ажиллагч өрөөнд тань орж ирээд яриа хөөрөө дэлгэх, хүүхэд тань дахиад шүүс авч өгөхийг хүсэх, нөхөр тань цэнхэр цамц нь хаана байгааг асуух гэх мэт. Саад бологч зүйлсийг багасгах дараах арга замууд байж болох юм.

Үүнд:

·         Урьдчилан мэдэгдэлгүйгээр орж ирэхгүй байхыг найз нөхөд, гэр бүлийнхнээсээ хүс.

·         Хянах боломжтой саад бологч зүйлсийг багцла. Тавилгаа гэртээ хүргэхээр ажлаасаа нэг өдрийн чөлөө авах гэж байгаа бол сантехникчийг дуудаж угаалгын онгоцоо засуулж, засварчнаар кабелийн телевизийн утсаа шинэчлүүлэх боломжийг хай. Олдсон жаахан цагт аль болох олон ажил төлөвлө.

·         Хэрвээ та орон сууцанд амьдардаг бол орцны жижүүрийг ачаа барааг түр хадгалж байхыг захь.

·         Гэр бүлийн гишүүддээ ажлыг нь өөрсдөд нь үлдээ. Тэд таниас голдуу юу хүсч байна вэ? Хоол хүнс үү? Ямар нэг зүйл олоход туслахыг хүсч байна уу? Эд зүйлсийг аль болох хялбархан олж болохоор байрлуул. Жишээлбэл лууван, жүүс гэх мэт бэлэн хүнсийг 4 настай хүүхэд ч өөрөө авч чадах газар байрлуул. Хань ижил тань барьж буй юмаа алддаг гэх мэт сул талтай бол ажлыг нь хөнгөвчилсөн систем тогтоож өг.

·         Гэр бүлийнхэндээ хаалгаа түгжсэн байх, БИТГИЙ СААД БОЛ гэсэн бичиг өлгөсөн байх нь чухал ажилтай байгааг илэрхийлдэгийг сайтар сурга.

·         “Үгүй” гэж хэлж сур. Хэрвээ та үргэлж гэр бүлийнхнийхээ зарц, сайн хөрш шиг байдаг бол байр сууриндаа хатуу зогс. Зүгээр л “үгүй” гэж хэлснээр саад бологч олон зүйлсээс ангижирч болно.

·         Шагнал урамшуулал бий болго. Хэрвээ хүүхэд тань 30 минут юмуу нэг цаг саад болохгүй байвал хамт дуртай тоглоомыг нь тоглоно гэж амалах хэрэгтэй. Нөхөртөө бол гоё хоол хийж өгөх, талархсанаа илэрхийлсэн ил захидал үлдээх боломжтой.

·         Утасны автомат хариулагч, дуут шуудан зэрэг нь саад бологч зүйлсээс сэргийлэх сайхан хэрэгслүүд юм.

·         Гар утас дуугарахад үргэлж хариулж байх уу, үгүй юу гэдэг нь таны шийдэх асуудал юм. (Гэхдээ энэ нь утсаа үргэлж чичиргээний горимд нь тавина гэсэн үг биш юм.) Кино үзэх болон сургуулийн тоглолт үзэхдээ утсаа унтраахаас гадна чухал зүйл хийх, чөлөөт цагаа өнгөрөөхдөө гар утсаа унтраах хэрэгтэй. (Жишээлбэл цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдтэйгээ зугаалж байгаа үед гэх мэт.) Гар утас олон давуу талтай ч үргэлж холбогддог байх нь буруу байдаг. Заримдаа холбогдох боломжгүй байх ёстой.

·         Заримдаа гэрээ орхиж бай. Хүүхэд асрагч хөлслөх юмуу хүүхдүүдээ орхиод явах нь цагаа саадгүй өнгөрөөх боломж олгодог. Номын сан орох юмуу зун бол цэцэрлэгт хүрээлэнгийн вандан дээр сууж ажилла. Ажил дээр бол ажлаа саадгүй хийх, хурлын заал гэх мэт чимээгүйсуух газар ол.
 
Саад бологч зүйлсийг зохицуулах нь

·         Дөрөвөөс дээш насны хүн саад болоод байвал:

-      “Танд юугаар туслах вэ?” гэж асуу.

-     “Асуудлыг чинь дуртайяа сонсмоор л байна. Гэхдээ ажлаа дуусгачихаад ярилцаж болох уу?” (Хүүхдүүд бол тэдний ойлгох зүйлтэй нь холбож ярих хэрэгтэй. Жишээлбэл “Та хэдийг киногоо үзэж дууссаны дараа би очоод наад асуудлаар чинь ярилцаж болох уу?” гэх мэт.)

·   Саад бологч зүйлийг уртасгах, яриаг сунжруулах зүйл хийж болохгүй. Саад бологч зүйл гарч ирсэнээр хийж байгаа зүйлээ орхих нь хохиролтой байдаг бөгөөд тухайн цаг аль нэг ажилд зориулагдсан гэдгийг санаж, эргээд ажилдаа ордог байх нь чухал байдаг.

·    Саад бологч зүйлс үргэлж гарч ирдэг гэдгийг санаж, тэдгээрт бэлтгэлтэй бай. Утас голдуу саад болдог бол унтраагаад байх боломжгүй тул ярьж байхдаа амжуулж болох жижиг ажлуудыг утасныхаа ойролцоо байрлуул. Жишээлбэл утсыг нь сунгаж, гал тогооны өрөөндөө оруулснаар утсаар ярьж байхдаа хоол бэлдэх, бэлэн бүтээгдэхүүн задлах зэрэг жижиг ажлуудыг амжуулах боломжтой. Иймэрхүү цагийг ч ашигладаг байвал зохино.

Өөрөө өөртөө саад бүү бол

·         Саад бологчийг ажлаасаа хөндийрөх шалтгаан бүү болго.

·         Өөрөө эхэлж утсаар ярих юмуу хүмүүстэй уулзаж цагаа гарздахаас болгоомжил.

·         Гэр бүл, найз нөхөд шаардлагагүй үед утсаар ярихыг дургүйцдэгээ мэдэгд.

·         Нэг ажлыг дуусгаагүй байж өөр ажил эхлэхээс болгоомжил.

·         Бүү лазагна. Цаг байвал аль болох эрт хийж гүйцэтгэ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна