Баянзүрхийн товчоог нүүлгэн шилжүүлнэ

Өчигдөр 13 цаг 04 минут
 

Зам тээвэр, хөгжлийн яамнаас Баянзүрхийн товчоог нүүлгэх талаарх албан бичгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ.

Налайхын 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг БНХАУ болон Монголын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын банктай харилцан тохирсны үндсэн дээр хийхээр болоод байгаа аж.  Улмаар замын өргөтгөл хийх газрыг бүрэн чөлөөлсөн байх хэрэгтэй гэсэн шаардлагын дагуу эхний ээлжийн ажлууд хийгдэж байна. Зам чөлөөлөлтийн ажил ирэх сарын 1-ний өдөр гэхэд дуусна гэж тооцоолоод буй юм. Үүний дараа хөндлөнгийн үнэлгээний компаниуд үнэлж дуусмагц замын ажлыг эхлүүлнэ. Замын ажилтай холбоотой замын өргөн болон автомашины урсгалуудыг тооцоод Баянзүрхийн товчоог Баруунтурууны товчоонд нүүлгэхээр төлөвлөсөн байна. Баруунтурууны товчооны хувьд олон урсгалтай, тээвэр их явдаг замын трасс юм. Мөн Баянзүрх дүүргийн Туулын гүүрийг засварлаж шинээр барьж буй гүүр Налайхын замтай холбогдох учир Баянзүрхийн товчоог нүүлгэхээс өөр аргагүй болжээ.

Баянзүрхийн товчоог нүүлгэн шилжүүлэх ажил одоогоор зураг төслийг боловсруулах хэмжээнд яваа аж. Зураг төслийг боловсруулж дууссаны дараа Нийслэлийн Засаг даргад албан ёсоор танилцуулж, төсөв тооцоог төлөвлөнө. Гэхдээ юуны түрүүнд авто замаа хийж дуусгах ёстой. Үүний дараа замтайгаа уялдуулан байршлыг нь тодорхойлж, олон улсын стандартад нийцсэн товчоог барихаар төлөвлөжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна