Мянган жил бүх төрөөс бүрэн дархалсан уулын тухай

2017/12/11
Богд хаан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг төдийгүй дэлхийд хамгийн олон дархлагдсан уул юм. 

1294 онд гаргасан “Монгол Их Юань улсын хууль цааз”-ын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг газруудыг дархан цаазтай болгож байжээ. 

Үүнээс өмнө XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан-Уул хэмээн нэрлэсэн домог байдаг. Их тэнгэрийн аманд “Мөнх тэнгэрийн хүчинд их суу залийн ивээлд” гэсэн бичээс байдаг нь Ванханы үед хамрагдана гэж олон судлаач үздэг. Тухайн цагийн Хэрэйдийн хамгийн өндөр цол нь хан байжээ. 

Манжийн хаанаас дархалж тайх зарлиг гаргахаас өмнө Монголчууд өөрсдөө тайдаг байсан ба бөөгийн “Улаан тайлга” хийдэг байжээ.

Тиймээс Улаанбаатар гэж нэрлэхэд үүнийг харгалзсан мэт. Богд уулын сүлд дайсныг дарагч догшин тэнгэр гэгддэг байжээ. Рерих энэ домгоор болов уу Их Улаанбаатар хэмээх зургийг зурж, анхдугаар "Үндсэн хууль" батлагдахад Монголын Засгийн газарт бэлэглэсэн байдаг. Уг зурагт дайсны зүрхийг идэж буй догшин баатарыг дүрсэлсэн байдаг ба Шамбалыг хамгаалагч Рэгдэндагва хаан гэж нэрлэсэн байдаг.

Богд уулын эзэн цагаан сахалт өвгөнийг Хэрэйдийн ванханы дүр гэх нь бий. Хожим шарын тахилга хийх үеэс Богд уулын эзнийг хангарьдаар дүрсэлдэг болжээ.

Тэнгэр тэтгэгчийн 43 он буюу 1778 онд Монголын их хүрээний сайд ван Юндэндоржоос Богд хан, Хэнтий хан, Отгонтэнгэр, Батхан, Бүрэнхан уулыг дархлахыг хүсэн бичиг өргөсөнд Богдхан уулыг дархалсан байна. Богд уулыг дархлахдаа хоёр оргилд нь Түшээ гүн, Цэцээ гүн цол өргөж, жилд 50 лангийн ембүү олгох болжээ. Ингээд бараг "гүн" уул болсон юмдаг уу даа!

Богд хаан уулын тайлгын магтаалыг анх Банчин богд бичсэн байдаг ба тэнд анх Дүнжингарбо гэж нэрлэсэн нь "Өмнийг тэтгэгч цагаан лавай" гэсэн утгатай юм.

1923 онд Богд хаан дахин дархалж Богд ууланд “Шашныг тэтгэгч Их Богд хаан хайрхан уул” хэмээх цолыг олгосон ба жилд нэг удаа тайхаар тогтжээ. 

Ажихад их нуруудыг Алтай хан, Хэнтий хан, Хангай хан гэж нэрлэх ба түүнээс нэг гол тахилгат ууланд "хаан" цол олгодог ёс байсан мэт. Чухам ийм учраас Богдхаан уул гэж нэрлэж бичих ёстой юм. Энэ зарлиг нь VIII Богд Жавзандамба хутагтын бараг хамгийн сүүлд гаргасан зарлигуудын нэг. 1911 оны тусгаар тогтнолын үйлс, 1919 оны гаминг хөөх сүрийг дарах, 1921 оны тусгаар тогтнолоо сэргээх хэрэг явдал болоод цагийн самууныг тухай бүр Богд ууланд даатгаж байсан ажээ. Тэр бүх даатгалыг Богд уулын эзэд алгасалгүй биелүүлсэн гэдэг.

Харин коммунизмын жилүүдэд 1957, 1974 онуудад дархан цаазыг дахин бататган дархалж байв. 

Богд хаан уулыг хамгийн сүүлд УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газар хэмээн нэрлэж, 1996 онд ЮНЕСКО-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулах шийдвэр гарч, 1997 онд гэрчилгээг олгож байжээ.

Одоо төрийн их тахилгат уул юм. 

Сонирхолтой нь Богдхаан уулыг мянган жилийн турш бүх төрөөс дархалжээ. Энэ их учиртай санагдахгүй юу? Би ямар гайхамшигт газарт амьдарч байгаагаа тэрбүр мэддэггүй... Дурдсан баримтууд бидний л мэддэг ахар түүх! Түүнээс өмнө хэрхэснийг тэнгэр мэднэ! Бүр эртний түүхийн судруудад Тэд... ДүЖин Шаний өврөөс дэлхийг хянамуй, хамгийн тохиромжтой газар болой... гэсэн нь Богдхаан уул биш байгаа!

А.Баатархуяг
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна