АНУ, Турк зэрэг улсуудын зуучлал, хүчин чармайлтаар Израиль, Палестин улсууд энхийг тогтоох ажиллагааны эхний үе шатыг хэрэгжүүлж байгаа билээ. Тохиролцоо ёсоор эхний үе шатанд Палестины тал Израилийн барьцааны иргэдийг суллах, Израилийн тал харин цэргийн ажиллагаагаа хоёр талын тохиролцсон зурвас хүртэл хумих ёстой байсан.
Тэгвэл ойлголт дутмаг байдлаас болж палестинчуудын амь нас үрэгдэх, улмаар энхийн гэрээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх үр дагавар үзүүлж болзошгүй тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, өнгөрсөн баасангаас бямба гарагт шилжих шөнө Газа хотын оршин суугч, нэг гэр бүлийн 11 гишүүн Израилийн цэргийнхний дайхралтад өртөж амиа алдсан тохиолдол гарчээ. Израилийн тал харин Газа хот дахь Израилийн цэргийн хяналтын бүсийн шар шугамыг давж орж ирсэн сэжигтэй машиныг устгасан гэж мэдээлсэн байна.
Энэ нь хоёр тал Энхийн хэлэлцээрийн эхний үе шатыг хэрэгжүүлэхээр тохирсноос хойш хамгийн олон хүний амь нас хохирсон тохиолдол болсон аж.
ХАМАС бүлэглэлийн тайлбарлаж байгаагаар бол хохирогчид Газа хотын Зейтун дүүрэг дэхь гэрээ очиж шалгах гэж явж байсан гэх. Тэд нэг гэр бүлийн гишүүдээс гадна, амиа алдагсдын дотор эмэгтэйчүүд хүүхдүүд явж байсан нь олон нийтэд хүндээр тусаж, улмаар Израилийн цэргүүдийн үйлдлийг буруушаах нөлөөлөл үзүүлж буй. Гэтэл нөгөө талдаа, палестинчууд хоёр талын тохиролцсон, Израилитйн цэргийн хяналтын зурвасын талаар яагаад мэдээлэл хомс байсан бэ гэлдэг асуудал хөндөгдөнө.
ХАМАС, Израилийн талуудын өмнө нь хэрэгжүүлэх гэж оролдсон энхийн хэлэлцээрүүд яг ийм нөхцөл байдлаас болж бүтэлгүйтэж байсан тул энэ удаагийн золгүй явдал зөвхөн хэлэлцээрт оролцогч хоёр талыг бус, олон улсын санааг зовоож байна.
Тодруулбал, Израилийн тал “Машин Израилийн цэргүүдэд аюул занал учруулахуйц байдлаар ойртож байсан” гэж, ХАМАС бүлэглэл “Израильчууд ямар ч үндэслэлгүйгээр устгасан” гэж мэдэгдээд буй.
Дээрх эмгэнэлт явдал гарсны дараа Израилийн тал палестинчуудад хандаж, “Зөвхөн өөрсдийн хяналтад орсон газарт л зорчих”-ыг анхааруулсан бол Палестины талаас энэ анхааруулгыг цаашид биелүүлэх эсэх нь тодорхойгүй.
Интернэтийн хүрэлцээ хязгаарлагдмал тул шугам хаагуур татагдсан, Израилийн цэргүүд аль, аль бүсийг хянаж, хязгаарлалтын шугам хаагуур татагдсаныг мэлэх бололцоо хомс гэдгийг ВВС агентлаг мэдээлэлдээ дурджээ.
Харин ХАМАС бүлэглэлийн үүрэг биелэлтийн тухайд, барьцаанд байсан Элиях Маргалитын цогцсыг Израильд буцааж өгсөн. Энэ нь буцааж өгсөн 10 дахь цогцос бөгөөд өөр 18 хүний цогцсыг буцааж өгөх ёстой.
Харин Израилийн тал 15 палестин хүний цогцсыг Улаан загалиай нийгэмлэгийн шугамаар буцааж өгсөн бөгөөд нийт 135 хүнийг цогцсыг өгсөн байна.
"Аль Жазира" агентлагийн мэдээлснээр, Энхийн хэлэлцээрийн эхний шат хэрэгжиж эхэлснээс хойш Газад багадаа 51 хүн амиа алджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна