УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын зарим гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд МАХН-ын II их хурлыг зохион байгуулсан. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярыг огцруулж, О.Баасанхүүг намын шинэ даргаар сонгож байгааг зарласан юм.
Тэгвэл О.Баасанхүү МАХН-ын их хурлаар намын даргаар сонгогдоод дараах үгийг намынхаа гишүүдэд хандаж хэлжээ.
Тэрбээр хэлэхдээ, “МАХН-ын журмын нөхөд өө, МАХН-ын Их чуулганы төлөөлөгчид өө.
Энэ хэцүү хүнд үед итгэл үзүүлж байгаа шийдвэрийг та бүгдийнхээ надад өгсөн үүрэг, хариуцлага гэж ойлгож байна. Би намын дарга гэсэн эрх мэдэл, албан тушаалд та бүхнийхээ дэмжлэгтэйгээр очиж байна гэж ойлгохоосоо илүү ард түмэндээ ус агаар мэт хэрэгцээ болсон шударга ёсыг нэн тэргүүнд бодитоор мэдрүүлж үнэний дуу хоолой болох хариуцлагыг та бүхэн надад үүрүүлж байна хэмээн ойлгож байна.
Хэдийгээр би өнөөгийн төрд ганцаараа ч гэсэн Монгол Ардын Хувьсгалт Намын эгэл жирийн гишүүдтэйгээ нийлж олуулаа боллоо. Тиймээс МАХН-ын дуу хоолойг төрд хүргэхийн төлөө бүхий л чадлаа дайчлан ажиллах болно. Одоохондоо бид УИХ-д ганц төлөөлөлтэй байгаа хэдий ч 2020 онд олуулаа болж ялалтанд хүрч, ядарсан ард иргэдийнхээ өмнөөс шийдвэр гарган багаар бодоход 250000 хүн ажлын байртай болон амьдрал ахуйгаа дээшлүүлж, нэн ядуу амьдарч байгаа иргэдийн маань гуравны нэг нь энэ ядуурлаас бүрэн гарна гэдэгт би итгэлтэй байна.
Өмнөх удирдлагууд маань намынхаа их чуулганыг тансаглал гэж хэлж, үл тоож, хүчингүй гэж зарлаж, гүтгэж байгаад харамсаж байна. Гэхдээ бид ойрын үед учраа олно гэж найдаж байна. Аливаа тэмцэлд ялалт байхгүй. Бидний зорилго Монголын ард түмний төлөө. Том зорилго тавиад биелүүлэхгүй байвал тэднийхээ том итгэлийг алддаг. Бид том зорилго биш жижиг, тэгсэн хэр нь жинхэнэ зорилго тавьж байна. Тавдугаар Үндсэн хууль хөгжлийн гарц гэхээсээ илүү дараагийн сонгуулийн жилд таван үйлдвэр барьж, 50000 хүнийг ажилтай болгож, 250000 хүний амьдралыг өөрчлөх зорилгыг бид дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө баталлаа. Энэ зорилго богино хугацаанд хэрэгжинэ. Ард түмэн богино хугацаанд хийх өөрчлөлт, бодит шинэчлэл, үр дүнтэй амлалтыг шаардаж байгаа учраас бидний хөтөлбөр ялалтанд хүргэх туг нь байх болно гэдэгт би итгэлтэй байна...” гэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна