Сайд Ц.Цогзомаа фэйсбүүкийн чаат, гар утасны мэссэжээр дамжуулан Боловсролын яамыг удирддаг уу

2017/12/12
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Салбарын сайд Ц.Цогзомаагийн зүгээс “Сайдаар томилогдсон хугацаанд надтай хамтран ажиллаагүй, надад туслаагүй” гэх үндэслэлийг  Засгийн газрын хуралдаанд оруулснаар ийнхүүү түүнийг  чөлөөлсөн бололтой.

Тэгвэл Ж.Болормаагийн зүгээс Ц.Цогзомаагийн булхайг уудалсан мэдээллийг хэвлэлүүдэд өгчээ. Тодруулбал, Сайд Ц.Цогзолмаа яамныхаа ажилд огт оролцдоггүй, фэйсбүүкийн чаат, гар утасны мэссежээр дамжуулан хариуцаж авсан яамаа алсын зайнаас удирддаг гэх зүйлийг Ulsturch.mn сайтад ярьсан байна.

Энэ талаар Ж.Болормаа, “Сайдын ажлыг гишүүний хуулийн зөвлөх С.Мөнхөөлэй гэдэг эмэгтэй хийдэг. Тэр эмэгтэй сайдын өмнөөс шийдвэр гаргана, хүн загнана, бичиг цаасан дээр засвар хийнэ, дардас, тамга тэмдэг дарна. Бүх хууль тогтоомжтой танилцаж, төрийн нарийн бичгийн даргын тушаал, гэрээг шалгана. Ц.Цогзолмаагаар удирдуулж байгаа юу, хуулийн зөвлөх хүүхнээр нь удирдуулдаг уу гэж манай яамныхан гайхдаг. Ц.Цогзолмаа сайд хэдэн удаа шуурхай хуралдаан хийсэн. Тэгэхдээ төрийн нарийны асуудлыг шийдэж, Засгийн газрын хуралдаанд оруулна гэж байнга ярьдаг. Салбарынхантайгаа уулзахдаа хална, солино, шинэчилнэ гэж сүрдүүлдэг.

Нэг хуульч эмэгтэй Боловсролын сайдын ажлыг хийдэг тохиолдол өөр аль ч яаманд байхгүй. Боловсролын сайдыг Ерөнхий сайд өргөн мэдүүлж, УИХ-аар томилдог юм. Ц.Цогзолмаа ажлаа мэдэхгүй, салбараа доромжилж байгаагийн л тод жишээ. Би Ц.Цогзолмаа сайдад энэ хүнээ соль, энэ эмэгтэй танд зөвлөх хүн биш байна гэж олон удаа хэлсэн. Сайд өөрөө яамныхаа бодлогын ажилд огт оролцдоггүй, оролцсон ч албан тайлбар, хариулт өгдөггүй гэнэ. Мөн өөрийн ажил төрлөө фэйсбүүкийн чаатаар явуулдаг" гэх мэт ноцтой зүйлүүдийг ярьжээ.

Мөн тэрбээр өөрийг ажлаас халсан шалтгааны талаар, “Би БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохоор Засгийн газрын хуралдааныг хүлээх зуур УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай таараад “Та Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга болоорой. Тэгвэл салбарын хууль дэмжигдэж, ажил урагштай, хурдтай байх юм билээ” гэж хэлтэл “Чи намайг доош хийж байна, Би БСШУСЯ, эсвэл ХНХЯ-ны аль нэгийг нь авна. БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болно гэдгээ надад мэдэгдсэнгүй. Мессеж бичихэд 30 секунд л зарцуулна” гээд уурлаж байсан. Тэр үед хэлсэн миний  үгэнд л эмзэглэж, ийм шийдвэр гаргасан байж болох юм” хэмээн нэмж тодотгожээ.





Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна