Ц.Нямдорж: МИАТ компанид Аудитын шалгалт оруулмаар байна

2017/12/13
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндэсний аудитын газар нь ирэх онд Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Газрын тос, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, АСЕМ-ын 2016-2017 оны үйл ажиллагааны тайлан, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамаарах асуудал, Төрийн орон сууцны корпораци, Батлан хамгаалах яамны хөрөнгө оруулалтын зардал зэрэгт аудит хийхээр төлөвлөжээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хүсэлтээр Иргэний нисэхийн ерөнхий газар, Засгийн газрын авто баазын үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийхээр төлөвлөсөн байна. Аудитын зардалд 700 гаруй сая төгрөг шаардагдах юм байна. Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны гишүүд “Ирэх онд хийх аудитыг эргэн нягталж, улсын, төрийн чанартай аудит болгон өөрчлөх шаардлагатай. Гол асуудлууд багтаагүй байна” гэж байлаа.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Аудитын байгууллага гишүүдийн захиалгаар аж ахуйн нэгжид шалгалт оруулбал хайран цаг хугацаа зарцуулсан болно. Эрдэнэс Тавантолгой компанитай ноцолдох ямар хэрэгтэй юм. “Эрдэнэс Монгол” гэж зээл авч өр тавьдаг газар байна. Хэд, хэдэн компанийн хувьцааг эзэмшдэг компани тэрийг шалгах хэрэгтэй.

Аудит хүчээ олон тийш нь тараах биш улс орны эрх ашгийн үүднээс тоймтой хэдэн газарт аудит оруулж үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Өнөөдөр оруулж ирсэн жагсаалтыг харахад учир дутагдалтай байна. Засгийн газрын автобааз, БХЯ-ны хөрөнгө оруулалт, ТОСК зэрэг байгууллагыг шалгах шаардлага байна уу.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Засгийн газрын авто баазыг Хэрэг эрхлэх газар нь шалгана биз. Эрүүл мэндийн салбартай холбогдох асуудлыг яам нь татаж аваад шалгачих боломжтой. Иргэний нисэхийн ерөнхий газрыг шалгана гэх атлаа МИАТ компанийг яагаад шалгадаггүй юм бэ. Ямар учиртай компани болох нь ойлгогдохоо болилоо.

Онгоцны тасалбар яагаад тийм өндөр үнэтэй байдаг юм. Шалгах ёстой. Хоёр дахь асуудал сүүлийн үед гүйцэтгэх ажиллагаа замбараагаа алдсан. Мөнгийг нь зөв зарцуулж байна уу гэдэг ойлгомжгүй болсон. Нууц нэрийн дор өөр юманд зарцуулж байгаа. Хянах ёстой хүмүүс нь үздэггүй, жийрхдэг. Энэ асуудлыг Аудитын газар нарийн шалгах шаардлагатай.

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Үндэсний аудитын газар Төмөр зам төрийн өмчит компани, Хөгжлийн банк зэрэг томоохон газруудад шалгалт хийгээд олон тэрбумын зөрчил илрүүлсэн. Гэвч хэрэг нь юу болсон нь мэдэгд-дэггүй. Жишээлбэл, тэр төмөр замтай холбогдох асуудал юу болов. Аудит хийчхээд хаяад байх юм бол санхүүгийн шалгалт хийх шаардлагатай юм уу.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар:

-Төмөр зам төрийн өмчит компаниас гадна Гудамж төсөл, барилгын хоёр ч компанитай холбогдох зөрчил шалгалтаар илэрсэн учраас хуулийн байгууллагад шилжүүлсэн. Ер нь бид одоогоор 10 гаруй зөрчил илрүүлэн хуулийн байгууллагад шилжүүлээд байна. Тэднээс бидэнд мэдээллээ явуулах учиртай. Ямар арга хэмжээ авахаар болсон талаараа мэдэгддэг. Гэтэл одоогоор байгууллагаас арга хэмжээ авсан гэсэн мэдээлэл ирүүлээгүй байна.

Мөн Байнгын хорооны хурлын үеэр гишүүд “Оюутолгой” компанийн асуудлыг авч үзэхдээ Дубайн гэрээнд аудит хийх, аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлсэн нөхцөлд гарсан шийдвэрийнх нь талаар эргэн хянадаг эсэхийг тодруулж байв. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар энэ талаар “Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд ажлын бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхэд аудит хийхдээ Дубайн гэрээг эхний ээлжинд авч үзнэ. Үндэсний аудитын газар, Олон улсын аудитын байгууллагуудтай хамтарч тусгайлсан горимоор аудит хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонх нь ирэх онд хийх аудитын шалгалтыг оновчтой болгох нь зүйтэй гэж үзлээ. Энэ дунд цагдаа, тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн, газартай холбогдох гүйцэтгэх ажиллагаанд зарцуулсан санхүүд аудит нь хийх саналыг дээрх жагсаалтад багтаахаар болж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахлахаар болов. Ажлын хэсэг нь ирэх долоо хоног хүртэл ирэх онд хийгдэх төлөвлөгөөт аудитын жагсаалтыг нарийвчилсны дараа Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, энэ асуудлаар шийдвэрээ гаргана гэлээ.

Т.Батсайхан
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна