С.Баяр, Сү.Батболд нарын оффшорын асуудлыг АТГ, Прокуророос шалгахаар боллоо

2017/12/13
Ерөнхий сайд асан С.Баяр болон одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын нэр бүхий улстөрчдийг төрийн өндөр албан тушаалтнаар ажиллаж байхдаа богино хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, их хэмжээний мөнгийг оффшорт байрлуулсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдээд байгаа мэдээлэл дээр үндэслэн "Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболд нь оффшор бүсэд бүртгэлтэй "Бату Майнинг Лимитед” компанид хөрөнгө оруулалт хийж татвар төлөхөөс зайлхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээлэл болон  Монгол улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр нь 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа хөрөнгөө их хэмжээгээр нэмэгдүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээллүүдэд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоохоор болжээ. Улмаар уг асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна