Ходоод хоёр дахь тархи мөн үү

2017/12/17
Бид тархиндаа захирагдах уу, ходоодондоо захирагдах уу? Ходоодондоо захирагдах хандлага ихсэж байгаагийн шинж бол сүүлийн үед гудамжинд тааралдах таван хүний нэг нь тарган, илүүдэл жинтэй байгаа явдал юм. Илүүдэл жин нь халдварт бус өвчнөөр тэр дундаа зүрх судасны өвчнөөр өвчлөх гол шалтгаан болдог. Манай улс дэлхийн зуун ерэн гурван орноос таргалалтаараа зуун хорин гуравт орж байна. Бид хойгуур байна гэж тайвширч болохгүй яагаад гэвэл бид Ази тивдээ таргалалт ихтэй оронд тооцогдоод байна. Бидний хөрш БНХАУ 157, Солонос 166, Япон 185-р байранд орж байна. Тэгэхээр манайх шиг хүн ам цөөнтэй, өвчлөл, нас баралтын гол шалтгааны эхэнд зүрх судасны өвчин орж байгаа тохиолдолд бүх нийтээрээ ухамсартайгаар таргалалттай тэмцэх учиртай. Яагаад ходоод биднийг удирдаад байгаа буюу “Хоёр дахь тархи” хэмээн үзэгдээд байгаа талаар шинжлэх ухаан болон физиологийн үүднээс тайлбарлах гэж оролдоё. 

Бидний сэтгэл санаа, хоол идэх дуршил харилцан уялдаатайгаас гадна ходоодонд мэдрэлийн системд нөлөөлдөг мэдрэлийн эсийн тусгай төрөл байдаг бөгөөд түүнийг хүний "Хоёр дахь тархи" гэж эрдэмтэд үзэж, тэр тархи биднийг дараахь байдлаар хянаж байгааг тогтоосон байна.

Ходоод бидний өлсөх явдлыг бий болгодог! Грелин \ghrelin\ буюу хоолны дуршилын даавар "Хоёр дахь тархи"-д өлсөх үеэр бий болдог. Тэр даавар нь хоол идэх хүслийг ихэсгэдэг болон биеийн жинг зохицуулдаг. Мөн грелин даавар нь айдас, түгшүүр, сэтгэл гутралын шинж тэмдэгийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл бид айсан, стрессдсэн үедээ өлсөж юу ч хамаагүй идэхийг хүсдэг. Энэ үед грелин даавар их хэмжээгээр ялгарч, "өлсгөлөн”-г хоолоор дарахыг уриалж эхэлдэг. Ходоод хоосон байх үед грелин илүүтэй ялгардаг. Ходоод дүүрч, ходоодны хана тэлэгдсэн тохиолдолд грелин даавар ялгарах нь зогсдог. Хоол идэх үед “вагус” мэдрэл цочирч, зовнилын мэдрэмжийг бууруулах дохио тархинд илгээгддэг учир хоол идэхээрээ бид хэсэг зуур тайвширдаг байна. Иймд аль болохоор стрессдэхгүй байх, стрессдсэн үедээ их хэмжээний хоол идэхгүй байх нь таргалалтаас урьдчилан сэргийлнэ. Хамгийн гол нь ходоодоо огт хоосон байлгахгүй байх нь зүйтэй. Бүүр болохгүй тохиолдолд ус ууж ходоодыг дүүргэвэл грелин ялгарах, хоол идэх дур багасгахад нөлөөлдөг. Өглөөний хоолоо заавал идэх нь өдрийн турш өлсөхгүй байх суурь болж өгдөг. Тийм учир манай монголчууд “Өглөөний хоолоо өөртөө, өдрийн хоолоо найздаа, оройн хоолоо дайсандаа” гэсэн үг байдаг нь эрт дээр үеэс манай өвөг дээдэс ямар мэдлэгтэй байсныг илтгэж байна.

Ходоод ( "хоёр дахь тархи") нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг! Өлсөх үед ghrelin-ны агууламж нэмэгдэж ялангуяа тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулдаг гэсэн судалгаа “Nature” сэтгүүлд хэвлэгдсэн. Ой санамжийг бий болгодог тархины “Hippocampus” хэсэг рүү грелин даавар үйлчилж бидний ой санамжийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна. Өлсгөлөнгийн үед тархины мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдон илүүтэй ажиллаж, тархины тогтоох, цээжлэх, бодох чадамжийг нэмэгдүүлдэг. Энэ нь микро элементийн түвшинд нотлогдсон болно. Хэрэв ходоод бага зэргийн өсгөлөн байх юм бол хүнийг маш идэвхитэй болгодог. Энэ нь өлсгөлөн бай гэсэн үг биш харин хэт идэхгүй байхыг хэлж байгаа юм. Энэ талаар Нидерландын Утрехтийн их сургуулийн шинжээчдийн судалгаагаар өлсгөлөн байсан хүмүүс нь сайн хооллосон хүмүүсээс даалгаварыг хамаагүй илүү амжилттай хийж, шийдвэрийг илүү бодлоготойгоор гаргасан байна. 

Ходоод бидэнд аз жаргалтай байх мэдрэмжийг өгдөг! Хоол идэхэд аз жаргалын даавар болох серотонин ихэсдэг бөгөөд ерэн хувь нь бүдүүн гэдсэнд бий болдог. Ийм учир бид хоол идсэний дараа аз жаргалтай байдаг нь энэ. Ингээд үзэхээр ходоод бидний сэтгэл санаа амгалан, аз жаргалтай байх, стрессдэж уурлаж, уцаарлах, хурдан түргэн сэтгэж бодох, зөв шийдвэр гаргах зэрэг үйлдэлд нөлөөлж байна. Тэгэхээр бид ходоодондоо захирагдах биш ходоодоо захирч амьдрах нь чухал байгааг сануулах юун. 

Эмч хүний хувьд таргалалтаас урьдчилан сэргийлэх нэмэлт зөвлөмж өгөхөд илүүдэхгүй байх гэж бодлоо. Цусан дахь чихрийн төвшин буурах үед хүн их өлсдөг. Чихрийн төвшинг зохистой хэмжээнд байлгахын тулд хоёр цаг тутамд бага зэргийн юм идэж байх нь зүйтэй. Сайн унтах нь лептин “leptin” ферментийн үйлдвэрлэлийг идэвхжүүлнэ. Лептин фермент бага байх тусам хүнд өлсгөлөн мэдрэмж илүүтэй төрдөг. Оройн хоолны дараа ямар нэгэн биеийн дасгал хийх нь илүүдэл калорийг шатаахад тус болно.

Удахгүй шинэ жил болох дөхөж охид, бүсгүйчүүд маань гоёхон даашинзаа өмсөх цаг ирж байна. Иймд биднийг захирах гээд байгаа “Хоёр дахь тархь”-ийг байранд нь тавихгүй бол болохгүй нь, Бүсгүйчүүд, Залуучууд аа.

А\У-ны доктор, профессор Жадамбын ЦОЛМОН
2017.12.12


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна