Г.Номуундарийн аав Д.Ганхуяг хүчирхийлэл, хүний эрхийн асуудалд үлдсэн насаа зориулна гэлээ

2017/12/18
Монголын томоохон улстөр, бизнес эрхлэгчдийн өсвөр насны хүүхдүүтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийн талаар нийтэд мэдээлсэн Г.Номуударийн аав Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг охиныхоо асуудлаар хэвлэлд ярилцлага өгч байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Д.Мөнгөндалайд өгсөн ярилцлагадаа энэ хэргийн үнэн мөнийг тогтоолгохын төлөө эцсээ хүртэл явна гэдгээ мэдэгджээ.

Д.Ганхуяг ярилцлагадаа, “Баримт, гэрч байгаа. Үнэн мөнийг тогтоохын төлөө би эцсээ хүртэл явна. Олон хүнд ийм юм бүү тохиолдоосой. Ийм байдалд орсон хүмүүс байгаа бол сэрэмжлүүлэг болоосой. Охид, эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн асуудал, хүний эрхийн асуудалд үлдсэн насаа зориулна гэж би бодож байна” хэмээн тодотгосон байна

Мөн “Танай охин тэр бичлэгийг хэн нэгэнтэй зөвлөж хийсэн үү? Өмгөөлөгч болон аав, ээжтэйгээ зөвлөсөн гэж ярьсан байна лээ” гэсэн сэтгүүлчийн асуултад, “Бидэнтэй зөвлөж ярьсан юм байхгүй ээ. Тухайн үед сэтгэл санааны хувьд асар хүнд, хямралд орчихсон байсан юм билээ. Эхнэр бид хоёрт тэр хүчирхийллийн асуудлыг өмнө нь огт хэлж байгаагүй. Энэ асуудлыг сая хийсэн тэр live-аас мэдсэн. 2015 онд болсон хэрэг юм байна.

Тэр хэрэгт холбогдсон хүүхдүүд ам алдаад ярьдаг юм байна л даа. Тэгэхээр үе тэнгийнх нь охид охиныг минь шоглож доромжлоод яриад байж. Энийгээ аав, ээждээ хэлэхгүй хоёр жил гаруй хугацаанд нуугаад явж. Охин маань хичээлдээ үнэхээр сайн байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хичээлдээ жаахан тааруу болоод. Тэгээд би охиндоо хоёулаа санамж бичиг байгуулъя гэж хүртэл хэлж байсан. Цаана нь ийм юм болоод байж гэж огт мэдээгүй. Тэр хүүхдүүдийн доромжлолыг тэсэхээ байгаад л тэр бичлэгийг хийсэн юм билээ. Бид тэр бичлэгийг олон удаа үзэж чадахгүй юм байна. Сэтгэл санаа тавгүй болоод маш хүнд туссан. Бидэнд ийм хүнд тусч байхад охинд минь ямар байсан нь ойлгомжтой шүү дээ. Муу охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан бол гэдгийг бодохоор л нулимс гараад байна.Тэр бичлэгийг анх хийсэн зорилго нь тэр хүүхдүүдийг жаахан айлгах гэсэн, уучлалт гуйлгах гэсэн гэж охин бидэнд хэлсэн. Одоо бие нь их тааруу байгаа. Эмчид үзүүлж, зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж байгаа.

Сая тэр бичлэгийг үзсэний дараа л бид хуулийн байгууллагад хандсан. Тэрнээс өмнө мэдээгүй байсан болохоор хуулийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Охины хувьд нөгөө хүүхдүүдийг айлгах гэж тэгж хэлсэн юм билээ” гэх хариултыг өгсөн байна.

Ярилцлагын дэлгэрэнгүйн Эндээс  уншина уу

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна