Шуугианы тоосонд Б.Хурцын увайгүй томилгоо илтээр дарагдах нь бололтой

Өчигдөр 15 цаг 06 минут
(Номуундарь, Хурц, Эрдэнэтийн 49% ба Баасанхүү гишүүний тухайд)

Г.Номуундарь охины яриаг сайтар сонслоо. Бусад эхийн л адилаар элэг минь эмтэрч байна. Ингэж зоригтой илчилсэнд нь талархаж, энэ гэмт хэргийн үүр уурхайтай тэмцэж буй монгол нэг бүрээ цаашид чин сэтгэлээсээ дэмжсээр байх болно гэдгээ юуны өмнө илэрхийлье.

Ялангуяа баян чинээлэг айлын хүүхдүүд оролцсон хүнд гэмт хэрэг тул ард иргэдийн анхаарлыг илүүтэй татаж бүр их шуугих нь аргагүй ч юм...Үнэн мөн хэзээд ялах л болно!

Харин энэ шуугианы тоосонд Б.Хурцын увайгүй томилгоо илтээр дарагдах нь бололтой. Монгол улсын парламент элчин сайдаа томилохдоо анх удаа хаалттай хуралдаж ард түмнээ доромжлов. Нийт монголчууд энэ хүнийг томилох тухайд хичнээн их эсэргүүцсэн билээ?

“Цензургүй яриа” нэвтрүүлэгт сэтгүүлчийн, “Та үнэхээр Эрдэнэтийн 49 хувийг Эрдэнэбилэгт буюу ХХБанкинд өгөх гээд тэр талынхыг дэмжээд яг явсан юм уу? (50 min) гэж асуухад, Хурц “Явсан” гэж хариулсныг нь бид мэдэж буй...Тэгээд ч бүхэл бүхэн Европ тив рүү орох эрхгүй хүнээр улсаа төлөөлүүлж байдаг, арай ч дээ бас!

Б.Хурц болон түүнийг дэмжиж томилсон гишүүдэд “Үнэн мөн өнөөдөр биш байдаг юмаа гэхэд хэзээд ялдаг л жамтай” гэдгийг хатуу сануулъя.

Мөн түүнчлэн Эрдэнэтийн 49 хувийг хэдхэн өдрийн өмнө цөөхөн хэдэн луйварчин ард түмний татварын мөнгөөр хувьдаа дээрэмдээд авчихлаа! "Шүүхийн шийдвэр"-ээр луйвардлаа. Энэ асуудал мөн нам гүм болох нь ээ!

Оросуудын 49 хувийг эзэмшиж байхдаа өгч байсан татварыг хойшид тэд өгөх нь үү, мөн эл хувийг гадныханд зарах нь уу гэдгийг ард иргэд, эрэн сурвалжлах сэтгүүлчид нийгмийн идэвхтнүүд нүд салгахгүй харж ажиглах нь чухал юм. 

О.Баасанхүү гишүүн бол өөрийнхөө үзэл бодлоос урвагч, эх орон ард түмнээсээ УРВАГЧ! Эр хүний жудаггүй, ханилж яваад нөхрөө, унаж яваад морио тийрэх хүн юм байна. Гүтгээгүй, харин үйлдлээр нь ийнхүү дүгнэж буй юм.

МАХН социал демократ үзэл баримтлалтай нам, түүний их хурал дахь ганц төлөөлөгч нь Баасанхүү. Энгийн үгээр хэлбэл, ардчилсан намынхан шиг неолиберал хэт барууны хөрөнгөтнүүдийг л дэмждэг хатуу бодлого барихгүй эгэл ард түмнээ нэн тэргүүнд тавина гэсэн социал зүүний үзэл баримтлал юм. МАН-ынх ч уг нь бас тийм, МАНАНтчихсан л болохоос. (Өнгөрдөг намрын Германы Бундестагийн сонгуульд ард иргэд нь зүүн төвийн SPD гэх том намаасаа илүүтэй үндсэрхэг хэмээгддэг AfD гэх жижиг намд олноороо итгэл хүлээлгэж, тэд парламент-д нэлээд их суудлаар орж ирсэн буй-г энд жишээлж дурдъя, олны итгэлийг алдвал сонгуулиар нь хариуцлага тооцож байгаа нь энэ юм)

Гэтэл Баасанхүү гишүүн яав? Эрдэнэтийн 49 хувийг цөөхөн луйварчдад өгөхөөр саналаа өгчихөөд ичих булчирхай үгүйгээр “Манай намаас надад ямар ч бичиг ирүүлээгүй” гэж Eagle тв-ийн сэтгүүлчид хариулж буй юм. Яаж чадаж байна вэ, тэр хүн. Үзэл бодолдоо үнэнч байсан бол бичигтэй бичиггүй ард түмнийхээ талд л байх байлаа. Түүгээр ч үл барам Б.Хурцыг Солонгост элчин сайдаар томилох тухай УИХ-ын хаалттай хуралдааны санал гаргаж байдаг? Мөн түүнчлэн мөнгө, эрх мэдлээр далайлгаж харуй бүрийгээр автобус дүүрэн хүн ордон руу оруулж хуралдан, бүхэл бүтэн НАМ-аа дээрэмдчихдэг, яасан увайгүй цагаандаа гарчихсан нөхөр вэ. О.Баасанхүү гишүүнд “Үнэн ялна, үйлийн үр гэж байдаг юм шүү” гэж хэлье.

Ийм, ийм бусармаг зүйлээ том бүлэглэл хөшигний ардаас залуурдаж ээлжит шуугианаар дарах гэвэл энэ чинь түр зуурын л үзэгдэл. Ард түмнээ бүү бас!

Олон түмэн минь бид ямар ч шуугианд автсан хэргүүдийн мөн чанараас хөндийрч болохгүй юм. Сиймхий л гарах юм бол юугаар ч биднийг мангартуулах, манантуулах энүүхэнд! 

Олон нийтийн сүлжээгээр үүнийг уншиж буй ард иргэд, та бүхэн маань анхаарах хэрэгтэй юм, дараа дараа ямар ч далд хэлбэрийн идээ бээрийг ээлжлэн шахаж биднийг донсолгосон “Эрдэнэтийн 49 хувийг луйвардсан этгээдүүдийн нэрийг, муу үйлийг нь хэзээ ч бүү мартаарай! Ядуу, жирийн ард иргэдийнхээ талхыг тэд булаасан шүү! Хурцын томилгоог ч цаашдаа эсэргүүцсээр байх нь чухал юм!

Ийм ичгүүр сонжуургүй улс төрчдөд ард түмэн олон нийтийн сүлжээнд ч байна уу, гудманд байна уу, хаана ч бай ёс зүйн хариуцлага хүлээлгэх л хэрэгтэй! Мөн бидний монголчууд, хувь хүн бүр өчүүхэн зүйлээр ч бай эх орныхоо сайн сайхны төлөө зоригтой дуугарч, хөдөлмөрлөж тэмцэх хэрэгтэй байна. Бидний ирээдүй бидний л гарт.

Дорждамдингийн Оюун
12.18. 2017, Карлсрүэ, Герман Улс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна