Прокурорын зүгээс Д.Гантулгыг яллагдагчаар татах саналаа УИХ-д хүргүүлэхээр төлөвлөжээ

2017/12/19
УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон ч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр “Хүчирхийлсэн нь тогтоогдохгүй байна” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Улмаар энэ оны наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг Улсын ерөнхий прокурорын газар хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг цуцлан, сэргээн шалгуулахаар болсон юм. Дахин шалгаж үзэх ёстой гэж үзсэн энэхүү хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа орсон талаар хэвлэлд мэдээлжээ. Тодруулбал, Улсын ерөнхий прокуророос түүнийг яллагдагчаар татах саналаа энэ долоо хоногт УИХ-д хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн түүнчлэн Үндсэн хуулийн цэц маргааш Их суудлын хуралдаанаа хийж УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэхээр болсон байна. Учир нь хохирогчдийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд, “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж өгнө үү” гэх гомдол гаргасан байна.

Хэрэв Цэц дээрх заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдэх бололтой. Учир нь, Цэц Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн тохиолдолд тухайн заалтын үйлчлэлийг нь түдгэлзүүлдэг байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна