Миний бие МАХН-ын дүрмээ баримталъя гэсэн гишүүдээ дэмжээд, дүрмийн дагуухи Их чуулганд оролцсон чинь О. Баасанхүүг дагалаа гэж янз бүрийн улсад баахан дайрууллаа. Манай намын дүрмийг баримтлуулахгүй байх ямар ч эрхтэй этгээдүүд байдаг юм. Эднээс айгаад манай намын мянга мянган гишүүд дүрмээ баримталж, ажлаа явуулж болохоо байх нь уу?
О.Баасанхүү ер нь яачихсан хүн юм? Дайрагчид Н.Энхбаяраас урвалаа гэж байна. Эх орноосоо урвана урвахгүй гэж яригдахаас биш, Н.Энхбаяраас урвана гэж юу байдаг юм? Хуулинд ч эх орноос урвах л гэж байдаг. Хэн нэгэн хүн муу үйл хийвэл түүнийг шүүмжилж болохгүй юу? Энэ шүүмжлээд байгаа хүмүүс хэн нэг хүнтэй ажил төрлийн холбоотой болбол насан үүрд сайн харилцаатай болдог уу? Өөрсдөө тийм урвадаггүй хүмүүс юм бол яагаад надтай байхгүй шалтгаанаар муудаад байгаа юм? Яагаад эх орны төлөө тэмцэлд оролцдоггүй юм гэж асуумаар байна.
Хүн аливаа муу зүйлийг шүүмжлэх, түүнээс зай барих гэдэг бол эрүүл ухааны л шинж. Муу зүйлд үнэнч байна, түүнээс салахгүй гэвэл харин хэвийн бус. Миний бие эх орон, Монгол улс үндэстэндээ л үнэнч. Эх оронч, үндэсний үзлийн үүднээс бүхнийг хийдэг. Н.Энхбаярт үнэнч үү, үгүй юу гэдгээр намайг хэмжнэ гэвэл инээдэм. Н.Энхбаяр бол олигархийн олигарх бөгөөд, ЗХУ-ын бүх улсаас авах өрийг ОХУ Парисийн клүбийн шаардлагаар, гадаад улсуудаас зээл авахын тулд тэглэсэн, энэ хүн чехийн компаниар зуучлуулсан гэж мөнгө төгрөгний будлиан гаргасан ганц л оролцоотой. Тэр хүний эсрэг 2004-2008 онд өргөн олны эсэргүүцэл өрнөж байсныг ярихаа больё, цаг авна. Гол нь Н.Энхбаяр ард түмний дургүйцэл, олон нийтийн эсэргүүцэл дээр дөрөөлөн МАХН-ыг байгуулалцаад, дарга болонгуутаа бэх нь хатаагүй дүрмээ зөрчиж, зангаа хувилгаж, журмын нөхдөө харлуулж хөөсөөр өдий хүрсэн. Гишүүд нь хурлаа хийе гэж 2013 оноос хэлэхэд тухай бүр ардын дайсан болгож цоллодог. Сая дүрмийн дагуу Их Чуулганаа гишүүд хийхэд хурлаа таслаад ирээгүй. Тэр бүү хэл, Төрийн Ордны гадна үймээн самуун, Циркэд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан.
Итгэл найдвар хүлээлгэн, гишүүд О.Баасанхүүг санал нэгтэйгээр даргаа болгосон. Эзэн ноёныхоо өөдөөс харц ардууд өрвөлзөв гэж бас эгдүүцээд байх шиг. Ардууд болдоггүй ноёны өөдөөс өрвөлзөх байтугай, феодалуудыг унагаж, ардын засгийг тогтоох ёстой. МАХН-ын гишүүд ганц хүний дарангуйллыг унагасан нь бол Монголын нийгэмд урвагч хулгайч феодалуудыг хууль ёсоор унагахын загвар юм. Үүнд баяр хүргэж, үлгэр дууриал авах ёстой. Би өөрөө энэ шударга сайхан үйл явдалд оролцсондоо баяртай бахдалтай байгаа. Энэ түүхэн үйл явдалд оройлон оролцсон нь О.Баасанхүүгийн гавьяа. Өмнө нь би О.Баасанхүүг нийгэм дэх цөөн шударга дуу хоолойн нэг гэж үнэлдэг байсан, одоо ч хэвээр. Ард түмэн ч О.Баасанхүүг тэгж үнэлж ирсэн гэж боддог. Харин сүүлийн үед эзнээсээ урвасан харц боол гэх хүмүүс гарч ирлээ.
Энэ нийгэм чинь Үндсэн хуульд заасан ардчиллаар явах ёстой шүү, ардчилал ялсан сайхан тохиолдол гарлаа шүү, та нар Монголын Үндсэн хуулийг дагахгүй, хаанахын үндсэн хуулиар явах гээд байна, Монгол төр улс ардчилсан байна гэсэн Үндсэн хуулийн эсрэг үймээн самуун дэгдээх гээд байна уу, төрийн эрхийг хууль бусаар авах гээд байна уу, харийн төр хуулийг тогтоох гээд байна уу гэж гараг андуурагсдад хэлье. Одоо цаашдаа Дээд шүүх бидний, хуулийг баримталсныг ахин батлана, Н.Энхбаяр улс төрийн намын хуулийг зөрчиж, дүрмээ баримтлахгүй байгааг ахин нотлоно гэж итгэж байна. Түүний хувьд эцэс төгсгөлгүй хөвөрдөг элдэв хэрэг төвгийн асуудлаа хаацайлж аргалах, сайндаа гэхэд л МАХН-тай төстэй нэртэй шинэ нам байгуулах зам үлднэ.
О.Баасанхүүг утга учиргүй буруутгагсад “Эрдэнэт”-ийн эсрэг санал өгсөн, Б.Хурцыг өмөөрсөн, элчин болгохыг санаачилсан, элчин болгох хурлыг нь хаалттай хийлгэсэн гэх зэргээр миний огт мэдэхгүй зүйлүүдийг хэлж ардын дайсан болгох гэж аргаа барж байна. Энэ нийгмийн болдоггүй бүтдэггүй хүмүүсийн эсрэг тэмцье гэхэд айгаад бутны ёроолд хярчихдаг хүмүүс О.Баасанхүүгийн эсрэг дуугаа чангаруулж байгаа нь гайхалтай. Өнгөрсөн хугацаанд би Х.Баттулга, Г.Уянга, Г.Баасан зэрэг дэмжихэд хүмүүс улайран эсэргүүцэж байсан. Яагаад эсэргүүцэж байгаагаа өөрсдөө хэлж чаддаггүй, мэддэггүй. Их төлөв цээртэй хараалаар харааснаар оюун ухаан нь хязгаарлагддаг. Монголын нийгэм энэ дөрвөн хүнээс болж л болохоо байчихаад байгаа юм уу гэж би гайхаж байна. Аль гайгүй хүмүүсээ хуурамч нэр хаяг зүүж хэлмэгдүүлдэг 37 оныг давтах гээд байна уу?
“Эрдэнэт”-ийг ард түмнийх байлгахын төлөө О.Баасанхүү эртнээс тэмцэж ирсэн, тийм ч учраас орхончууд түүнд итгэл хүлээлгэдэг. МАН популист хэрнээ, шүүхдэхэд унахаар тогтоол бэлдэж яаран батлуулах гэхэд ул суурьтай боловсруулахгүй бол бусдын идэш болно гэж О.Баасанхүү эсэргүүцсэн. Түүний үгийг МАН хүлээж аваагүй. Ийм түүхий хэрнээ хувьчлах талынханд боломж олгох урхагтай тогтоолыг дэмжихгүй гэсэн үүднээс О.Баасанхүү эсрэг санал өгсөн. Тэр тогтоол нь О.Баасанхүүгийн хэлснээр шүүхэд унаж, өнөөдөр хувьчлах талынхан ялалт байгуулаад явж байна. Энэ нь МАН-ынхан хувьчлах талынхантай хуйвалдсан биш үү гэж хардлага төрүүлж байгаа. Үүнийг О.Баасанхүү шүүмжилснийг юм ойлгох чадваргүй юм уу, тийм харагдах дүр эсгэж яваа хүмүүс мушгин гуйвуулж яваа. О.Баасанхүү “Эрдэнэт”-ийг ард түмнийх байлгахын төлөө тэмцсээр л яваа. Тэр өөнтөглөөд байгаа хүмүүс биш.
Б.Хурцыг элчин болгохыг хэн санаачилсныг би мэдэхгүй, хэнийг элчин болгохыг хэн санаачлав гэдгийг би сонирхдоггүй л дээ, жижигхэн асуудал учраас. Б.Хурцыг О.Баасанхүү өмөөрөөд байсан зүйл үгүй. Харин О.Баасанхүү рүү дайраад байгаа хүмүүс саяхан “Б.Хурц бол ардын баатар, ирээдүйд Монголын Путин, удирдагч, ерөнхийлөгч болох хүн, Б,Хурцаар олигархуудыг илчлүүлье” гээд өмөөрөх байтугай, өргөмжилж явсныг мэдэж байна. Б.Хурцынх шиг хурлыг хаалттай хийх хуультай, хаалттай хийхийг Н.Энхболд санаачилсан байдаг. О.Баасанхүү хууль талаасаа хаалттай хийнэ гэж заасан байгааг л сануулсан. Хууль бол хууль. Хэн нэгэнд таалагдах үгүйгээс хамаарахгүйгээр хэрэгжнэ.
Шударга ёс бол шударга ёс. Хэн нэгэнд таалагдах эсэхээс хамаарахгүйгээр шударга ёсны төлөө явдаг хүмүүс ажил үйлсээ үргэлжлүүлнэ. Сайн үр шимийг нь харин дэмжсэн, эсэргүүцсэн бүгд хүртнэ.
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл бичигдээгүй байна