УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн намар Булган аймгийн нутаг дэвсгэрт зорчиж явахдаа зам тээврийн ноцтой осол гаргаж, үүний улмаас нэгэн иргэн харамсалтайгаар нас барсан билээ. Тодруулбал, ослын улмаас мотоциклтой зорчиж явсан иргэн Ч Н.Номтойбаярын унаж явсан “Мерседес Бенз жи класс” маркийн ... улсын дугаартай машинд мөргүүлж нас барсан байдаг.
Тэгвэл эл хэргийн хохирогч иргэн Ч нь өөрөө жолооны үнэмлэхгүй, согтуу замын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр Булган аймгийн прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдээлэл өнөөдөр цацагдлаа.
Хэргийн талаар гишүүн Н.Номтойбаяр, “Булган аймгийн төвөөс баруун зүгт 50 км орчим төв замтай огтолцсон шороон туслах замаас мотоциклтой эрэгтэй хүн зогсолгүй уулзварт нэвтэрч машинд мөргүүлсэн осол гарсан. Осол гарсан даруйд тэнд явсан хүмүүс мотоциклын жолоочийг Булган аймгийн төв эмнэлэгт хүргэж, эмч нар яаралтай тусламж үзүүлсэн. Мотоциклын жолоочийн биеийн байдал нь сайжирч, улмаар эмч нараас “шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” гэх зэргээр агсам тавьж байсан.
...Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа. Одоогийн байдлаар бидэнд талийгаач Ч нь эхнэр хүүхэдгүй, 1971 оных. Мөн тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан, жолооний үнэмлэхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан гэсэн мэдээллүүд байна. Энэ талаар би хэд хоногийн өмнө өөрийн твиттер хуудснаа “Ноцтой осол гарлаа. 2018 оны төсөвт засмал зам дагуух сум, аймгийн эмнэлэгт тоног төхөөрөмжүүд олгох төсөв хөрөнгийн асуудлыг суулгах ёстой юм байна” гэж бичиж байсан. Нуугаад байсан юм байхгүй. Би тухайн үед өөрөө цагдаад дуудлага өгч ослын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн” хэмээн ярьсан байдаг.
Мөн осол гарах үеэр Киви хамтлагийн дуучин Агий Н.Номтойбаярын хамтаар зорчиж явсан гэх мэдээлэл цацагдаж байсан ч эрхэм гишүүний зүгээс эл мэдээллийг үгүйсгэж байсан юм.
Тэгвэл осол гарах үед Агий, Номтойбаяр нар хамт байсан болох хэрэг бүртгэлийн мэдүүлгээр батлагджээ.
Дуучин Агий буюу П.Алтанцэцэг хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө, “...Орхон аймагт хоол идээд Булган аймгийн төвөөс машиндаа түлш хийгээд цааш хөдөлсөн. Араас 2 машин дагаад явж байсан. Тэгээд би Булган аймгийн төвөөс гараад машинд унтаад явсан. Нэг мэдэхэд машин гэнэт зогсоод урдуур мотоциклтой хүн орчихлоо гээд тухайн хүнийг арын машинд суулгаад Булган аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч яваад, миний зорчиж явсан машиныг хөдөлгөлгүй жолоочийн хамт ослын газарт үлдээсэн” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна