Ж.Батзандан: Б.Хурцын гар хөл болсон таван прокурор, дөрвөн шүүгч, 10 мөрдөн байцаагчийг зарлана

2017/12/21
УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох асуудлаар энэ сарын 15-нд Төрийн ордонд хийсэн нээлттэй сонсголын дүгнэлтийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн талаараа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дүгнэлт нийт гурван хуудас материалаас бүрдэж байгаа бөгөөд Б.Хурц нь олон улсын хэм хэмжээг зөрчиж, хил дамнуулан хүн хулгайлах ажиллагаанд оролцсон. Уг хэргийг Европын холбооны хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа.

Түүнчлэн Д.Энхбат агсны амь насанд хүрч Монгол Улсын иргэний эрхийг зөрчсөн, Унгар улсад суухдаа тамхины наймаа хийж байсан, С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшээд байхад нь зохион байгуулалттай бичлэг хийж хэвлэлээр цацаж, сонгогчдын эрхэд халдсан. Мөн С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэг нэг тийш болоогүй байгаа үед Б.Хурцыг Элчин сайдаар явуулж болохгүй гэдэг асуудлыг тусгасан гэв. Түүний сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Б.Хурцын томилгоог Ерөнхийлөгч зогсооно гэдэгт итгэлтэй байна гэж та хэллээ. Яагаад?

-Ерөнхийлөгч “Монгол ялна” гэсэн уриа дэвшүүлж сонгуульд оролцсон. Монгол ялна гэдэг бол Монголын ард түмэн, шударга ёс, үнэн ялна гэсэн үг. Мөн бүлэглэлүүдтэй, гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ гэсэн үг. Мафийн бүлэглэлийг төрөөс шахаж гаргана гэсэн үг. Б.Хурц, Ц.Элбэгдоржийг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн 8-10 жилийн дотор олон зуун хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын томоохон бүлэг ордуудыг энэ бүлэглэл булааж авсан байна.

Энэ бүлэглэлийн булхайг илчилснийхээ төлөө УИХ-ын гишүүд заналхийлэлд өртөж байгаа. Гэхдээ миний, бидний тэмцлийг мафийн шинжтэй бүлэглэлийн заналхийлэл зогсоож чадахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрийг харъя гэж байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурц гэдэг хүнийг БНСУ-д суух Элчин сайдаар томилох томилгоог зогсоох байх аа.

-Та хууль хяналтын байгууллага дахь мафийн бүлэглэлийн гишүүдийн нэрсийг удахгүй зарлана гэсэн. Ямар албан тушаалтнууд байгаа юм бэ?

- Б.Хурцын гар хөл болж ажилладаг таван прокурор, дөрвөн шүүгч, 10 мөрдөн байцаагч байна. Мөн татварын байцаагч, аудитын ажилтнууд ч байна. Бид удахгүй тэднийг зарлана.

-Томилгоог Ерөнхийлөгчтэй зөвшилцөж оруулж ирээд хэлэлцэж баталсан гэсэн. Гэтэл та Ерөнхийлөгчид хандаж байна. Эрхзүйн талаас боломжтой юу?

-Ерөнхийлөгч биш Засгийн газраас оруулж ирсэн. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч дээр хэд хэдэн Элчин сайдын асуудал гацаатай байгаа. Ерөнхийлөгч буцаах эрхтэй. УИХ буруу шийдвэр гаргасан бол томилохгүй байх эрх нь Ерөнхийлөгчид бий. Асуудлыг авч үзэж нааштай хандана гэж найдаж байна.

-Та Л.Болд гишүүний хамт намынхаа бүлгээс гарах гэж байгаа юм уу?

-Тийм зүйл байхгүй. АН-ын гишүүд Монголд шударга ёс, зарчим, хууль ёсыг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх үүрэгтэй. Бид мафийн бүлэглэлийг хамгаалах гэж, хууль зөрчдөг, хүн хэлмэгдүүлдэг нөхдийг өмгөөлөх гэж АН-ын гишүүн болоогүй.

Ч.Зотол
Эх сурвалж: Зууны мэдээ сонин


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна