​Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хуульд өөрчлөлт орууллаа

2017/12/21
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээнзөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийн талаар хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоол баталсан.

Учир нь Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дунд суудлын хуралдаанаас Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…”  гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “…Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэснийг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “…Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг, Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсгийн “… тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.” гэснийг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ үндсэн дээр Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны "... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлээд байсан юм.

Улсын Их Хурал цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 32 дугаар зүйлийн 32.3.5-д “… хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна…”, мөн зүйлийн 32.3.7-д “… энэ хуулийн 32.3.5-д заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй…” гэж заасны дагуу Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооноос боловсруулж, энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм. Уг хуулийн төсөлд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй” гэснийг хасахаар тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 34 нь буюу 63 хувь нь дэмжсэнээр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна