Б.Лхагвасүрэн гуайд туслахаар нэг ч хүн албан ёсоор хандаагүй гэв

2017/12/22
Зохиолч Б.Сарантуяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн эмчилгээний зардлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон МИАТ компани даахаар болсон гэдэг мэдээлэл албан бус гэдгийг мэдэгдлээ. Зохиолч Б.Сарантуяа Б.Лхагвасүрэн гуайтай уулзаж эмчилгээний зардалтай холбоотой мэдээллийг лавлахад одоогоор албан ёсоор хандсан хүн байхгүй гэж хэлжээ. Тиймээс Төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайд туслах талаар бичсэн янз бүрийн цуурхал мэдээнд ул суурьтай хандаж Б.Лхагвасүрэн гуайн бичсэн номыг худалдан авч эмчилгээний зардалд нь тус нэмэр болохыг хүсчээ.

Түүний фэйсбүүк хуудастаа бичсэн мэдээллийг хүргэж байна:

Б.Сарантуяа: Бавуугийн Лхагвасүрэн багшийнхаа гэрт нь очиж уулзаад ирлээ. Өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээгээр тарсан мэдээлэлтэй холбоотой нэгэн залруулга хийх хэрэгтэй санагдлаа. Түүний эмчилгээний зардлыг МУ ерөнхийлөгч болон МИАТ компани хариуцна гэсэн мэдээлэл үнэн болохыг лавлахад хоёр хөгшин өөрсдөө мэдээгүй сууж байна аа. "Одоогийн байдлаар албан ёсоор холбогдсон хүн байхгүй. Төр түмэн минь туслах байлгүй дээ" гэж сууна. Гэхдээ эндээс нэг бодол төрсөн нь үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн цуурхал тарж энэ их цуу яриан дунд багш маань гар дээрээ авсан бодит тусламжгүй үлдэж хагалгаандаа орж чадахгүй болох вий хэмээн эмээж байна. Хагалгаа хийлгэхээр товлосон 1 сарын 5 өдөр өнөө мөдгүй боллоо. Бараг л хоёр долоо хоног үлджээ. Тиймээс сайхан сэтгэлт монголчууд минь цаг алдалгүй их яруу найрагчдаа амьдрал бэлэглэх аянаа үргэлжлүүлж эрвийх дэрвийхээрээ туслаарай гэж хүсч байна. Та бүхэн Хаан банк 5077460361 Бавуу Лхагвасүрэн дансанд хандиваа илгээгээрэй. Мөн түүний номыг худалдан авахын хүсвэл Bazarsuren Batchuluun дүүтэй холбогдон аваарай. Энэ мэдээг олонд түгээж өгнө үү.

Буяны өглөг тань бум бумаар арвижиж
Бурхан сэтгэл тань таныг дээдэд хөтлөх болтугай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна