Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийнханд байлдааны тугийг нь гардуулж өглөө

2017/12/22
Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийнханд өчигдөр түүхэн өдөр боллоо. Ангийн барилга байгууламжууд ашиглалтад орж, байлдааны тугаа ч гардан авлаа. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд баруун аймгуудад ажиллахдаа энэ ангийн шинэ байгууламжуудыг ашиглалтад хүлээн авч, цэргийн ангийн дайчин уламжлал, бахархал, эх орноо батлан хамгаалах ариун үүрэг, алдар гавьяаны илэрхийлсэн болон байлдааны тугийг нь ёслол төгөлдөр гардуулан өгсөн юм.

Хурандаа Ц.Буянтогтох захирагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийнхан шинэ оноос өмнө албан тушаалын 40 айлын орон сууц,  штабын байр, цэргийн гал тогоо, шалган нэвтрүүлэх байр, цахилгааны дэд өртөө зэрэг олон бүтээн байгуулалтыг хүлээн авч, төвхнөхөд бэлэн болсон нь энэ. Энэхүү бүтээн байгуулалтыг хурандаа Б.Дорждэрэм захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийнхан маш богино хугацаанд барьж ашиглалтад оруулсан юм.



Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Түүхэнд тодоор бичигдэх сайхан үйл явдал тохиож байна. Байлдааны туг авах ёслолд оролцоно гэдэг хүн бүрт тохиогоод байдаггүй ховор завшаан. Байлдааны туг гэдэг бол түүхэн хүнд цаг үед эх орноо алтан амиараа хамгаалсан баатарлаг дайчдын маань амин зүрх байсан юм. Зэвсэгт хүчний анги оршин байхын, эрч хүчний илэрхийлэл болсон энэхүү байлдааны туг дор та бүхний маань ажил үйлс үргэлж мандан бадарч байх болтугай” гэж баяр хүргэсэн.

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Богино хугацаанд үйл ажиллагаагаа жигдрүүлж, сургалт бэлтгэлээ базааж,  бүтээн байгуулалтдаа гар бие оролцож, олон сайхан үйл явдлын ард хамтдаа гарч байгаа дайчдаараа бахархаж байна. Ангийн бүтээн байгуулалт үүгээр зогсохгүй, цаашид үргэлжилнэ. Энэ дашрамд барилгуудыг стандартын дагуу богино хугацаанд барьж дуусгасан барилга, инженерийн 340 дүгээр ангийнхандаа баяр хүргэе. Манай залуус энэ эрчээрээ олон ажлын ард гарах ёстой” гэсэн бол Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауржин “Манай аймаг дахь төрийн байгууллагуудаас Зэвсэгт хүчний ангиуд маань үргэлж манлайлж иржээ. Зуд турхан тохиолдохооос эхлээд олон хүндрэлтэй цаг үед Зэвсэгт хүчний 340 болоод 331 дүгээр ангийнхан орон нутагтаа тусалж байгааг дарга нарт нь уламжилмаар байна. Орон нутгийн удирдлагуудын хувьд дэмжиж ажиллана. Зэвсэгт хүчин анги, байгууллагатай аймгийн хөгжил илүү хурдан байх талдаа шүү” гэсэн юм.



Ийнхүү Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийнхан шинэ байрандаа ч төвхнөж, байлдааны тугаа ч ёслол төгөлдөр заллаа. Тэдэнд ойрын хугацаанд шийдэх ёстой  асуудал нь тавилга хэрэгсэл тэй болох аж. Гэхдээ  ийм сайхан бүтээн байгуулалттай болсон бидний хувьд энэ бол шийдэж болох жижиг “зовлон” гэж хурандаа Ц.Буянтогтох дарга илэрхийлсэн юм.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна