Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяаг авлигын хэргээр шалгаж байна гэх мэдээлэл хэвлэлээр бичигдсэн. Тэгвэл энэ мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа өөрөө үгүйсгэж “Намайг шалгаагүй бас хориогүй” гэсэн мэдээллийг өгөөд байгаа бол салбарын сайд Д.Сарангэрэл нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлнө, надад ийм дарга хэрэггүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл нутгийн гишүүн Ж.Мөнхбат өчигдрийн чуулганы хуралдаан дээр Дархан аваргын гэргийг өмөөрөөд авчээ. Тэрбээр, “Засгийн газар эрүүл мэнд, боловсролын стандартыг маш өндөр түвшинд батлаж байх хэрэгтэй. Нийгэм хамгийн их стандарт шаарддаг гол салбарууд шүү дээ. Хоёрдугаарт, Засгийн газар стандартыг батлахын зэрэгцээ салбарын сайдуудад стандарт, хэм хэмжээ, зарчим, ёс суртахууныг барих, түүнийгээ мөрдөж ажиллах стандартыг гаргах хэрэгтэй гэж бодож байна. Сая эрүүл мэндийн салбарт инээдтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг зүйл боллоо. Ажлаа хийж яваа хүнийг ажлыг нь авахын тулд шоронд орсон гэдэг худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тараалаа. “Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Эрүүл мэндийн Хөгжлийн газрын дарга Б.Нарантуяа шоронд оржээ” гэж гүтгэн нэр хүндэд нь халдлаа.
Зорилго нь юу вэ гэхээр тухайн хүний ажлыг нь авах санаархал цаана нь яваад байгаа юм. Үүний ард гүтгүүлсэн хүний нэр хүнд, гэр бүл цаашлаад тухайн байгууллага, салбарын нэр хүнд давхар унаж, хохирч байна. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар иймэрхүү увайгүй, зарчимгүй явдлыг таслан зогсоож, зохион байгуулалттайгаар ийм ажил хийж байгаа нөхдүүдтэй хариуцлага тооцдог стандартыг нэвтрүүлж, оруулж ирэх ёстой.
Энэ ажиллагааг зохион байгуулсан хүмүүс Дархан аварга Г.Өсөхбаяр аваргын эхнэрээс албан ёсоор уучлалт гуйх ёстой. Би Архангай аймгийн “Бөхбилэгт” дэмжээний тэргүүний хувьд үүнийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Цаашдаа ёсзүйн стандартын код гэдгийг Засгийн газар улс төрийн албан тушаалын чиг баримжаандаа оруулж ирэх хэрэгтэй. Энэ асуудлыг Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нар анхааралдаа авах хэрэгтэй. Салбарын яамыг удирдаж байгаа хүмүүс төрийн албанд мөрөөрөө ажиллаж байгаа нэгнийхээ ажлыг булааж авахын тулд шоронд орлоо гэх гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл тарааж ажиллаж болохгүй. Хэрвээ асуудал ийм дээрээ тулбал УИХ дээр жинхэнэ стандарт ярина шүү” хэмээн ярьсан байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна