Бүрэн эрх нь дөнгө болсон хоёр
УИХ бол олонхоороо шийдвэр гаргадаг хууль тогтоох дээд байгууллага. Тиймээс ч 76 хүн бүгдээрээ сайн, хүний хайлан байх албагүй. Дийлэнх нь өөрийн үүргээ ухамсарласан байхад болдог. Гэхдээ ард түмний төлөөллөөр сонгогдсон депутат хэн ч байсан өөрийнх нь эрх ашигт хамааралтай асуудлаас бусдыг “ангийнхаа” нөхдөд даатгадаг байж болохгүй юм.
Өнөөгийн парламентад УИХ-ын гишүүний эрхэм хүндтэй эрх, үүргийг гоёл, гангараа шиг боддог хүмүүс бий. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 6.1.9 дэх “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах боломжгүй” гэсэн заалтыг хүчингүй болголоо. Уг заалтыг хүчингүй болгосонтой давхцаад нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг сөхөж эхэллээ.
Тэрбээр өнгөрсөн хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлж байхдаа “Ганц нэг бүтээн байгуулалтын ажил хийж, хэд хэдэн тууз хайчлаад амжсан. Дээр нь гадаад томилолтоор найман улсад 41 хоног ажилласан" гэж хэвлэлд ярьж байв. Уг ярианаас үүдэн “УИХ-ын гишүүний суудал аяллын тасалбар биш” гэсэн шүүмжлэл ч гарч байлаа. Мөн өнгөрсөн зун хүчингийн хэрэгт холбогдсон нь өнөөг хүртэл үргэлжилж буй юм. Прокуророос хэргийн материал нь бэлэн болсон тухай хэвлэлээр үг дайхад залуу гишүүн “Надаас байцаалт авъя гэхээр нь өгсөн. Түүнээс хойш ямар нэгэн тайлбар авсангүй. Хэрвээ дахин тайлбар авах шаардлагатай гэвэл өгье” гэж өөрийгөө өмөөрөөд явж байгаа.
Одоо харин сайн дураараа УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулах эрх, үүргийг түүнд Үндсэн хуулийн Цэцээс нээгээд өгчихлөө. Иймд зориг гаргаад шалгуулчих. Хэрэг хийгээгүй бол буцаад эрхээ сэргээх боломж хуульд бий. Монгол төрийн нэр хүнд дотуур хувцасны хэрүүлдээ хүртэл доошлоод байна. УИХ-ын гишүүд түүнийг нэр цохон хэлэхгүй ч далд саналаа “Хэрэг хийсэн бол шалгуулах ёстой” гэсэн өнгө аясаар илэрхийлэх болсон. Энэ түүний сүүлчийн боломж ч байж мэдэх юм.
Эрхээсээ татгалзах асуудлыг сөхсөнийх энд дурдахгүй өнгөрч боломгүй хүн бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Хэдхэн өдрийн өмнө хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан.
Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг. Гэтэл Б.Наранхүү гишүүн энэ онд гэхэд УИХ-ын чуулганд дөрвөн удаа суусан нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх дээр эргэлзээтэй хэмээн тэд үзээд байгаа. Удахгүй Үндсэн хуулийн Цэц хуралдааны товыг зарлан хуралдуулж, уг асуудлаар дүгнэлт гаргахаар болж байна.
Тодруулбал, тэрбээр Засгийн газар огцруулах асуудлаас бусад үед орж ирэхдээ тун хойрго хүн. Сүүлд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын томилгоонд л ихээхэн анхаарал хандуулж Байнгын хороо, чуулганы хуралдаанд сууж байгаа харагдсан. Үүнийгээ “Б.Хурц сайн залуу шүү дээ. Миний найз" гэдэг байдлаар тайлбарлаж байна лээ. Нэг үгээр найзынхаа асуудлыг л хэлэлцэхэд байх гэж УИХ-ын гишүүн гэсэн өндөр албыг хашиж явна. Чуулганы хуралдаанд яагаад суудаггүй талаар нь асуусан сэтгүүлчийн асуултад “Манай дундговьчууд угаасаа хэрүүлд дургүй” гэж хариулсан.
Хууль тогтоох дээд байгууллагын мэтгэлцээнийг хэрүүл гэж ойлгодог хүн УИХ-д зургаа дахь жилдээ сууж байгааг юу гэж ойлговол зөвийг мэдэхгүй юм. Хэрэв үнэхээр дундговьчууд хэрүүл тэмцэлд дургүй юм бол яагаад эрхэм гишүүн Засгийн газар огцруулах аль эсвэл асуудал, зөрчилтэй томилгоон дээр ирж суудаг юм бэ. Мөн тэрбээр “Чуулганд суух шаардлагагүй, нутгаа хөгжүүлэх ажил их байна” гэж хэлж байсан удаатай.
Үнэхээр өнгөрсөн зургаан жил чуулганд суухгүй нутгаа хөгжүүлсэн нь үнэн бол Дундговь аймаг өнөөдөр хөгжчихсөн байх ёстой. Гэтэл хамгийн ядуу, жижиг, дэд бүтэц муутай аймаг хэвээрээ л байна. Хэрэв чуулганыхаа хуралдаанд тогтмол сууж ядаж төсөв батлах үеэр лобби хийж явдаг байсан бол байдал арай өөр байх байлаа. Хэдий болтол нэг аймгийн иргэдийг цагаан сарын бэлэг, морин уралдаан, шинэ жилийн ёслолоор хуурах вэ дээ.
Энэ УИХ-д дээрх хоёр гишүүний бүрэн эрх нь дөнгө болчхоод байна. Үндсэн хуулийн Цэцээр нэгэнт боломжийг нээсэн энэ үед прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, Үндсэн хуулийн Цэцээс гишүүдийг эгүүлэн татах асуудлыг оруулбал AH, МАН аль аль гишүүдээ хаацайлахгүй байвал гоё харагдана. Тэр хэрээр төрийн нэр хүнд ч өсөх юм. Мөн шинэ жишиг тогтож, иргэдийн төрдөө итгэх итгэл сэргэх гэх мэт олон давуу тал бий.
Ж.Баяр
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна