Ерөнхийлөгчийн хэлбэл зохих үгс

2017/12/27
Х.Баттулга ерөнхийлөгч хоёр хөршдөө айлчлах л байлгүй.  Тэр цагт В.Путинд хандаж "-Буриад, Халимаг, Тува, Якут ах дүү нарыг минь аятайхан байлгаарай!", Си ЗинПинд хандаж "-Өвөр Монголчууд, Шинжааны монголчууд, Хөх Нуурын монголчуудын амьд явах, амьдрах, үгээ хэлэх эрхийг бүү зөрчигтүн, бэлчээр нутгийг нь бүү булаагтун, үндэстнийхээ эх хэл, бичгээ сурах, түүгээр боловсрол олох эрхийг нь бүү хөсөрдүүл!", хоёуланд нь хандаж "-Монгол Улсын хувьд эдгээр ард түмэн бидний яс махны тасархай, ахан дүүс маань учир бид зүгээр суухгүй шүү! Тэдний одоо байгаа газар нутаг бол өнө эртнээс оршин суусаар ирсэн уугуул газар орон нь, заяасан нутаг нь тул Монгол Улсын хувьд манай улс төр, оюун санаа, нийгэм соёлын нөлөөний бүс гэдгийг байнга санаж яв!" гээд хэлчихээсэй билээ.

Өвөр Монголын хэчнээн ч хүн газар нутгаа булаалгаснаас болж амиа алдав, хэчнээн ч хүүхэд монгол хэл, бичгээ үзэж чадахгүй хохирч, хэчнээн сургууль хаалгаа барив, тоогоо алдсан! Манай дарга нар гэж тусгаар улсын удирдагчид байж, худлаа баахан "найрсаг харилцаа, иж бүрэн түншлэл" гэж донгосохоос биш энэ тал дээр үхсэн амьд нь мэдэгдэхгүй сүг шиг л байх юм. Байнга л буулт хийнэ, байнга л "Нэг Хятадын бодлогыг тууштай дэмжинэ" энэ тэр гэж уруу царайлж, дорой дуугарна, яачихсан улс гэхээрээ ийм байдаг юм?!

Тэр жил Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Хятадад айлчлахдаа нэг малчин айлд ороод гарсан, хэчнээн сайхан санагдсан билээ. Өвөр Монголчууд маань эгээ л алс холын аян жинд явсан аав нь эргэж ирсэн хүүхдүүд шиг нар нь гарцгаасан даа, хөөрхийс! Гэхдээ 1990 он гарсаар бид "жинхэнэ тусгаар тогтнолоо олсон" гэж бахархах мөртлөө монгол төрийн зүгээс хойд, урд хаяа хатган амьдарч байгаа, хамаг аюулаас халхалж суугаа, амьд бамбай болсон элэг нэгт ах дүү нарынхаа тухайд ер тэднийг байхгүй юм шиг санаж, өдийг хүртэл баримтлах бодлогогүй явж ирсэн. Жирийн иргэд бид энд тэндээс, цахимарынхаа цаанаас "Өвөр Монгол ах дүү нарынхаа тэмцлийг дэмжиж байна!" гэж хуурай үг бичээд, мянга лайк дараад юу өөрчилж чадах юм?! 

Харин ерөнхийлөгчид үгээ хүргэх, нөлөөлөх бүрэн боломж бий!

Тусгаар улсын ерөнхийлөгчийн хувиар ер нэг иймэрхүү зангарагтай ганц үг хэлчихэд ер нь яадаг юм, яав л гэж?! Яах ч үгүй! Юунаас нь айгаад байгаа юм?! Лав л манай хүнийг барьж аваад, модон илжигэнд хадаж чадахгүй! Монгол хүний үг хэчнээн хүчтэй вэ гэдгийг тэр үед дэлхий харна! Хятадууд сэрсхийнэ, бодлогоо эргэж харна, Өвөр Монголын хөдөө нутагт болж байгаа энэ бүх нугалаа завхрал, дарлал доромжлол жаахан ч гэсэн хумигдах ч юм бил үү?!

Л.Мөнхтөр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна