Мэдээллийн Zuv.mn сайт 2017 онд улстөр, эдийн засгийн хүрээнд Монгол Улсад болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдов
Монгол Улсын долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд парламентад суудал бүхий гурван намын нэр дэвшигч өрсөлдсөн. МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар тус тус нэр дэвшсэн. Эхний шатны санал хураалтаар дээрхи гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй бөгөөд 30.1 хувийн санал авсан С.Ганбаатар анхны тойргоос хасагдаж гол өрсөлдөөн М.Энхболд, Х.Баттулга нарын хооронд өрнөсөн юм. Хоёр дахь шатны санал хураалтаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 50,7 хувийн санал авснаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх зургаан удаагийн сонгуультай харьцуулахад хамгийн бага (62.85%) ирцтэй нь байв.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар сонгогдов
2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН анх удаа өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулав. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газрыг УИХ дахь МАН-ын бүлгийн 31 гишүүний санаачилгаар огцруулав. Засгийн газрыг огцруулах байр суурин дээр “МАН-ын 65” хоёр талцаж, 32-ын ба 33 гэх албан бус хоёр “бүлэг” үүссэн нь нэгдмэл цул МАН-ын хувьд шинэ үзэгдэл, эвээ эвдсэн явдал болсон хэмээн тоймчдын зүгээс дүгнэжээ.
Улмаар У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар аравдугаар сарын 4-нд томилогдож Засгийн газрын нийт гишүүдээ парламент дотроос бүрдүүлэв. Үүний дараа шинэхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх барьцаа ахиулж МАН-ын даргаар сонгогдсон юм.
Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдов
УИХ-ын 2016 оны сонгуулийн ялагдал хүлээсэн АН хуучин удирдлагууддаа хариуцлага тооцож, шинэ бүтцээр ажиллаж эхлэв. Ингэхдээ тэд намын даргаа Үндэсний зөвлөлдөх хороогоор бус, намынхаа нийт гишүүдээр сонгуулах кампанийг орон даяар өрнүүлсэн нь шинэ үзэгдэл байв. АН-ын даргын төлөө УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар өрсөлдөж хамтдаа Монгол орноороо тойрч хөтөлбөрөө танилцуулсан. Энэхүү дотоод сунгаагаар С.Эрдэнэ хамгийн олон гишүүний дэмжлэгийг авч, Ардчилсан намын дарга болсон юм.
Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэр ба Б.Хурцын томилгоо
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баяр итгэмжлэх жуухаа барьснаас хойш нэг жил ч бололгүй огцрох хүсэлтээ гаргасныг Засгийн газрын хуралдаанаар (2017.12.13) шийдвэрлэж эргүүлэн татахаар болов.
С.Баяр анх элчин сайдаар томилогдон Лондонд очиход нутаг нэгтнүүд нь эсэргүүцэн жагсаж угтсан нь түүнийг өргөдлөө өгөх гол шалтгаан болсон хэмээн улстөр судлаачид үзэж байна.
ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг албан тушаалаа өгсөн даруйд нь Засгийн газар түүнийг БНСУ-д суух элчин сайдаар томилох тухай шийдвэр гаргаж, асуудлыг УИХ-д оруулав. Улмаар Б.Хурцыг тойрсон томилгоо нийгэмд томоохон шүүмжлэл дагуулж, улстөрийн хүрээнд талцаж үүсгээд амжсан. Гэсэн хэдий ч УИХ-ын хаалттай чуулганы хуралдаанаар тэрбээр Элчин сайдаар явах “виз”-ээ даруулж дөнгөсөн юм.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс “Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй” хэмээн мэдэгдээд байна.
Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдав
Эдийн засгийн уналтыг тогтворжуулах эхний алхам, ойрын боломжийг энэ хөтөлбөрт хамрагдах явдал хэмээн эрх баригчдын зүгээс харжээ. ОУВС-ийн зүгээс хөтөлбөрт хамрагдах шалгуур болгож хэд хэдэн болзол шаардлага тавьсан нь долоон төрлийн татварын хувь хэмжээг нэмэх тухай нөхцөл байв.
Улмаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж Монгол Улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсаныг албан ёсоор зарлав. Ингэснээр манай улсад 5.5 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийн гарцыг нээгдэв. Эхний хоёр шатны хэрэгжилтийг ОУВС-ийн зүгээс сайн гэж дүгнээд байгаа бол үүний араас ОУВС Монголд 79.1 сая ам.долларын санхүүжилтийг оны өмнө хийхээр шийдвэрлээд байна.
Монгол Улс оффшор бүсээр нэрлэгдэж, хар жагсаалтад оров
Европын холбооны сангийн сайд нарын хуралдаанаар Монголыг оффшорын жагсаалтад багтаажээ. Энэ тухай мэдээлэл анх Германы цахим хэвлэлд мэдээлсэн байна.Тус холбооны сангийн сайд нарын гаргасан хар жагсаалтад 17 бүс нутгийг оруулсан бөгөөд үүний нэгээр Монгол Улсыг нэрлэсэн нь Европын орнуудын улстөрчид, хөрөнгө оруулагчид манай улсад мөнгө угаадаг гэж үзэж байгаа бололтой. Татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү жагсаалтыг гаргахдаа нийт 90 орчим улс орныг судалснаас хэлэлцүүлгийн явцад 47 улс орон ил тод байдлаа сайжруулахаар тохиролцож дээрх хар жагсаалтаас хасагджээ.
Чалкогийн өрийг барагдуулж, “Хуралдай” болон “Гэрэг” бондуудыг шинээр босгов
Монгол Улсын Засгийн газар 2011 онд Хятадын төрийн өмчит “Чалко”компаниас 350 сая ам.долларын зээл авсан бөгөөд үүнийг зургаан жилийн дараа буюу 2017 оны гуравдугаар сард нүүрсээр төлж барагдуулав. “Чалко”-д нийлүүлэх нүүрсний үнэ 2016 оны гуравдугаар улиралд 27 ам.доллар байсныг үе шаттайгаар нэмэгдүүлсээр 71 ам.доллар болгосон нь уул уурхайн түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн төдийгүй өр барагдуулж дуусахад чухал нөлөө үзүүлсэн хэмээн эдийн засагчид онцолжээ.
Хөгжлийн банкны хугацаа тулсан 580 сая ам.долларын өрөөс үүдэж Монгол Улс дефолт зарлах эрсдэлтэй тулгараад байв. Харин энэхүү хүнд асуудлыг Засгийн газар, Сангийн яам олон улсын санхүүгийн зах зээл дээр “Хуралдай” нэртэй нэгэн шинэ бондыг амжилттай арилжиж өрийг өрөөр дарав. “Хуралдай” бондын хүү 8.75 хувь байх бөгөөд 2024 онд төлж барагдуулах юм.
Мөн Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээл дээр “Гэрэгэ” бонд гаргаж, 5.5 жилийн хугацаатай, 800 сая ам.доллар босголоо. Үүнийг ганцхан шөнийн дотор босгосон гэх тодотгол дагалддаг. Энэ санхүүжилтийг 2018 он гарангуут төлөгдөх Чингис болон зургадугаар сард төлөх Димсам бондуудын эргэн төлөлтийг хийхэд зарцуулах юм байна.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өмчлөл тойрсон асуудал
УИХ 2017 оны хоёрдугаар сарын 10-нд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хувьцааг 100% төрийн мэдэлд авах тогтоолыг баталсан. Улмаар гуравдугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов. Ингэж Монголын тал дахь 51 хувь дээр нэмэх нь 400 сая доллар ОХУ-д төлж 49 хувийг худалдаж авсан “Монголын Зэс Корпораци”-ийг Хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд оролцуулалгүйгээр “Эрдэнэт Үйлдвэр”-ийн ТУЗ-ийг төрөөс томилсон юм.
Гэсэн хэдий ч “Монголын Зэс Корпораци”-ийн удирдлага дээрх шийдвэрийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Дээд Шүүх дээр ялав. Гэхдээ “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хувь эзэмшлийн асуудал цаашдаа хэрхэн өрнөх нь одоогоор тодорхойгүй байна.
Р.Улам-Оргих
Сэтгэгдэл бичигдээгүй байна