60 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар хангах боломж бүрдэнэ

2018/01/04
Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгав.

III цахилгаан станцын чадлыг нэмснээр хүчин чадал нь дулаанаар 1,5 дахин, цахилгаанаар хоёр дахин нэмэгдэж, тоноглолын тасралтгүй ажиллах хугацаа уртсах юм. Мөн засвар, үйлчилгээ хийх хугацаа багасахаас гадна байгаль орчинд хаягдах хорт хийн агууламж одоогийнхоос гурав дахин буурч, системийн найдвартай байдал бий болно гэж үзжээ.

IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчилснээр улсын хэмжээний цахилгаан, Улаанбаатар хотын дулаан хангамж  найдвартай болж, өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг шинэ эх үүсвэртэй болох хүртэл хангах боломж бүрдэх юм. 

Станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагуур, цаашид 60 мянган айл өрх халаагуур ашиглах боломж бүрдэнэ. Энэ халаагуур өөрийгөө цэнэглэдэг бөгөөд хуримтлуулсан дулааныг нь өдөртөө ашиглах боломжтой гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна