Засгийн газар өнөөдөр хуралдаж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдлээ. Ингэхдээ "Монголын зэс корпораци"-ийн эзэмшилд буй 49 хувийг суутгах замаар төрийн мэдэлд оруулах аж.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа Хөгжлийн Банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргалаа.
ОХУ-ын талд 49 хувийг авахдаа 400 сая 270 мянган ам.долларыг "Монголын зэс корпораци" төлсөн. Үүнийг хийхдээ Хөгжлийн банкнаас ХХБ-нд олгож байсан зээлүүд, Монголбанкнаас ХХБ-нд олгосон зээлүүд, Сэлэнгэ аймагт орших концессын гэрээ түүний 217 тэрбум төгрөгийг хүчингүй болгож суутгалд оруулна.
Ингэснээр 1 их наяд 340 тэрбум төгрөгийг харилцан суутгах шийдвэр гаргалаа. 2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Энэ тогтоолыг биелүүлэх чиглэлээр 2 сарын хугацаанд нөгөө талтай хэлцэл хийсэн. Хэлцэл хийснийхээ үр дүнд энэ шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж байгааюм" гэлээ.
Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "УИХ-ын тогтоол гараад жил болж байна. Өмнөх ЗГ харилцан суутгалыг хэрэгжүүлэх арга хэмжээ огт аваагүй. Ийм арга хэмжээ аваагүй байхад улсын бүртгэлд бүртгэчихсэн юм билээ. Шүүхийн шийдвэрийн дагуу тэр бүртгэл хийгдсэн. Өнөөдрийн гол ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд, харилцан суутгал хийгээд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг төрийн мэдэлд авч байна. УИХ, ЗГ шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэр хэрэгжинэ" гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна