Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2018.01.16) хуралдаан 11 цаг 46 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн хуралдаанаараа хийв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцууллаа.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад банкуудын охин болон хараат компанийн үйл ажиллагааг хориглох зохицуулалтыг тусгасан юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 11 зүйлийн 11.3.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан байна.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой олон асуудал үүсч байгаа учир цаашид хэд хэдэн зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа гэв. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн явцад алдаа гарах, хуулийн зарим бичилт тодорхой бус, зарим заалт хоорондоо зөрчилдсөн зэрэг асуудал гарч байгаа учир зарим зүйл, заалтыг өөрчлөх шаардлага үүсээд байна. Шүүх, прокурор гээд зөрчлийн харилцаанд холбогдож буй 27 байгууллагын төлөөлөл ирэх хоёрдугаар сарын эцсээр Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн дүн, холбогдох үзүүлэлтүүдэд тулгуурлан уулзалт хийхээр төлөвлөөд байгаа” гэлээ. Банкны салбарт эрх зүйн зөв зохицуулалтыг хийгээгүйгээс арилжааны банкууд охин компани байгуулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, бусдад зээл олгохоосоо илүү өөрийн аж ахуйн үйл ажиллагаагаа санхүүжүүлэн бизнесээ өргөжүүлж байсныг өөрчлөх зохицуулалтыг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд илэрхийлсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ажлын хэсгээс тодруулга хийсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Ц.Нямдорж нар санал хэлж байр сууриа илэрхийлсэн.
Ийнхүү Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Сэтгэгдэл бичигдээгүй байна