С.Амарсайхан: Газартай холбоотой үйл ажиллагааг нээлттэй ил тод болгож, иргэд хүссэн мэдээллээ цаг алдалгүй шууд авдаг болно

2018/01/22
НИТХ-ын дарга С.Амарсайхан газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах захирамж гаргасан  юм. Улмаар энэ сарын 18-ныг хүртэл иргэдээс газрын харилцаатай холбоотой санал, гомдол, хүсэлтүүдийг хүлээн авсан. Үүний дагуу НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдээс ирсэн олон зуун өргөдөл иржээ. Зөвхөн Дүнжингаравт байрлах үйлчилгээний нэгдсэн төвд 100 гаруй өргөдөл ирснээс газрын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 50 гаруй , газрын маргаан 12, төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг асуудлаар зонхилон өргөдөл, гомдол ирсэн байна.

Энэхүү иргэдийг оролцуулан газрын харилцаатай холбоотой өргөдөл гомдлыг нь сонсох нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэллээ. Хэлэлцүүлэгт урилгаар нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарынхан оролцож байна.
Мөн нийслэлийн Засаг дарга С.Батболд, хотын орлогч дарга нар, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн газрын алба болон холбогдох газар хэлтсийн дарга нар, дүүргүүдийн Засаг дарга, орлогчид, ИТХ-ын төлөөлөгчид болон Газрын албаны дарга нар оролцож байгаа юм.


 
Өнөөдрийн үйл ажиллагааны талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан, “НИТХ-аас санаачлан зохион байгуулж буй өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээс бид хэдэн долоо хоногийн өмнө  газрын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс санал гомдлыг нь авсан.  Энэ хүрээнд иргэд оршин суугчдаас маш олон тооны өргөдөл гомдол ирүүлсэн байна.  Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй гол шалтгаан бол Улаанбаатарчууд бидний амьдарлын мөнхийн сэдэв болсон, хотын өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудын ул суурь нь болсон газартай  холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэх, иргэдээс ирж байгаа санал гомдлыг яаж барагдуулах, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах, тэр хэмжээгээр  газрын үнэ цэнийг бий болгох асуудлыг хэлэлцүүлгийн хүрээнд ярилцаж,  гарц шийдлүүдийг эрж олоход оршиж байгаа гэдгээрээ онцлог.  

Өнөөдөр нийслэлд газрын албатай холбоотой үйл ажилллагааг иргэд их хэмжээгээр шүүмжилдэг.  Тиймээс бид цаашид газартай холбоотой үйл ажиллагааг илүү нээлттэй ил тод болгох, иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаандаа авдаг, санал хүсэлтийг нь хуулийн хугацааг хүлээхгүйгээр гурав хоног дотор шийдвэрлэдэг болох тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна” хэмээн ярьлаа.



Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна