Барууны түүхчид Берлиний хана нурсан явдлыг хүйтэн дайны төгсгөл гэдэг. Фукуяма тэргүүтэн Түүхийн төгсгөл гэж үзэх нь ч бий.
Юу ч гэдэг байлаа хүйтэн дайны бас нэг "хана" нь Монгол улс байсан даг. Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс гэсэн хоёр социалист орны харилцаа мөн хүйтэн дайнтай байв шүү дээ.
Монгол хэмээх "хана" Берлиний ханатай зүйрлэхийн аргагүй том. Халуун дайн болчих өндөр магадлалтай "хана" байсан юм. Хөршүүд маань хоёулаа түүхэндээ байгаагүй аварга гүрэн болчихсон, радикал хүчирхийллийн коммунист сурталд нэвт автчихсан түрэмгий авиртай, жанжлалын төлөө хоорондоо өрсөлдөөд улайрчихсан байв. Шалтаг гарвал бие биеийнхээ хил рүү довтлон өднө. Үүнийг нь хилийн будилаан гэнэ.
1979 оны хавар санагдаж байна. Аавын таньдаг Зөвлөлтийн армийн хэсэг офицерууд манайхаар дайрч, цайлаад гарсан. Их яаруу сандруу явцгаасан. Хятадтай байлдаж магадгүй гэсэн цуу яриа үлдсэн юм даг.
"Одоо, хилийн будилаан төдий зүйл биш, жинхэнэ дайн болно" гэж ирээд л байрны бацаанууд бид, орцондоо сурснаараа тухалж аваад, мэдэмгийрхэн мэтгэлцэж билээ. Бидэнд цуурахгүй сэдэв гэж байгаагүй юм чинь.
90 онд хүйтэн дайн дууссан. Дэлхийн бөмбөрцгийн баруун хэсэгт төдийгүй дорнод хязгаарт ч "хана"нурсан. Монгол, жинхэнээсээ өөрөө өөрийгөө мэддэг бүрэн эрхтэй, ардчилсан улс болсон.
Зөвлөлт Холбоот Улс, Монголд байрлаж байсан 100 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй цэргийн ангиудаа гаргалаа. Хоёр хөрш маань Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэн үзэж найрсаг хөршийн ёсоор харилцаж байхаа илэрхийлэн батламжилсан гэрээг манай талтай байгуулцгаав. Монгол улс цөмийн зэвсэггүй бүс нутаг байх санаачилга гарган НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн Байнгын Хорооны таван гишүүн орны дэмжлэг авлаа.
Нэгэнт Монгол Улс хоёр хөрш болон НҮБ-ыг удирддаг таван орноос аюулгүй байдлын "баталгаа"- тай болсон тул ардчиллын зарим залуус бид, зэвсэгт хүчинтэй байх хэрэгтэй гэдэгт эргэлзэж эхэллээ.
Харин Баабар, С.Зориг, Д.Дорлигжав, Д.Энхбаатар тэргүүтэй хэсэг нь зэвсэгт хүчин байх хэрэгтэй, гэхдээ мэргэжлийн цомхон бүтэцтэй армитай байх ёстой хэмээх үзэл баримтлал гаргаж ирсэн юм.
Тухайн үед дэслэгч генерал Ш.Жадамбаа гуай Батлан Хамгаалах Яамны сайд байлаа. Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлийн асуудал дээр, сайтар судалж нухацтай хандах ёстой гэсэн байр суурьтай "хөшүүн" хандана. Би тэр үед түүнийг хуучинсаг үзэлтэй цэргийн генерал л гэж харж дургүйлхэнэ.
1991 оны 8-р сард Зөвлөлтөд төрийн эргэлт гарав. Төрийн эргэлтийг эсэргүүцсэн тэмцэл Москвад өрнөлөө. Юу юугүй иргэний дайн болж мэдэхээр болов. Монголчууд санаа зовж эхэллээ. Ингэх нь аргагүй!
1920-иод оны үед Октябрийн хувьсгалаар хагарсан оросууд цагаан, улаан болон хөөцөлдөөд Монголд ороод ирэхэд, монголчууд зэвсэгт хүчин арми энэ тэр гэх өөрийгөө хамгаалах зүйлгүй, хэтрүүлж хэлэхэд бараг цохиур буунаас өөр зэвсэггүй сууж байлаа. Ороод ирсэн цагаантан, улаантнууд монгол эрчүүдийг өөр өөрийн цэрэгт хүчээр дайчлан, малыг нь хоол хүнсний хэрэгцээндээ дээрэмдэн хурааж байв. Айж балмагдсан айл гэрүүдийн чадал тэнхээтэй нь уулын мухарт зугтан очиж, нуугдаж байсан юм.
Ийм түүхийн туршлагатай тул Москвагийн гудамжинд болж байгаа тэмцлийг хараад монголчууд сандралгүй яах вэ.
Намуудын удирдлагын зарим гишүүд бид, байдал эвгүйтвэл гаднын халдлагаас улсаа, ард иргэдээ яаж хамгаалах вэ гэдгийг ярилцахаар Батлан Хамгаалах Яамны сайдын өрөөнд цугларлаа. Яриа хэлэлцүүлгийн үеэр Жадамбаа генерал, хөрш орнуудын дотоодын үймээн самуун зэргээс үүсэж болзошгүй гаднын халдлага, аюулаас ард иргэдээ батлан хамгаалах чадвартай зэвсэгт хүчинтэй байх ёстой гэж л армийн бид учирлаад байсан юм шүү дээ мэтчилэн үг хэлээд ам асуух маягтай над руу харсан сан.
Үнэндээ, тэр үед би, нээрээ л улаан, цагаанаараа хөөцөлдөн орж ирээд улс орны маань сүйтгэж байсан түүхийг нэхэн санаж, улсын зэвсэгт хүчний амин чухал хэрэгцээг ойлгох нэг үндэслэлийг ухаарч авсан юм. Тэгээд, зэвсэгт хүчний нэр төр, нийгмийн үнэ цэнэ, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх санаачилга гарган идэвхтэй ажиллах болсон.
Эл хэрэг явдлаас хойш 17 жилийн дараа зэвсэгт хүчнийг өөрчлөх тухай асуудал дахин сөхөгдөж байна. Энэ удаад Ерөнхийлөгчийн зүгээс санаачилга гаргалаа. Зэвсэгт хүчнийг батлан хамгаалах гэхээсээ илүү бүтээн байгуулалтын хүч болгоно гэнэ. Байлдааны үүрэгтэй цэрэг хэрэггүй гэж мушгихад ч болмоор санаа.
Ерөнхийлөгч бол, "Төрийн цэргийн номлол" буюу тайван цагт болон дайны үед зэвсэгт хүчнийг ашиглах үзэл баримтлал, арга замыг тогтоон баталдаг онцгой эрхтэй албан тушаалтан.
Ерөнхийлөгч Баттулга энэ эрхэндээ дулдуйдаад, зэвсэгт хүчнийг төмөр зам, хүнд даацын зам, стратегийн ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа зэрэг стратегийн бүтээн байгуулалтад дайчлах санаатай.
Хэрэгжүүлэх арга замыг тодорхойлохдоо,18 нас хүрсэн бүх охид, хөвгүүдийг 3 жилийн хугацаатай цэрэгт татаж, сардаа нэрийн дансанд нь хоёр сая төгрөг шилжүүлнэ гэнэ.
18 нас хүрдэг охид хөвгүүдийн тоо жилдээ 110000 орчим юм байна. Тэгвэл цэргийн жинхэнэ алба хаагсдын тоо 330000 хавьцаа байх аж. Зөвхөн цэргийн цалинд 6,6 их наяд төгрөгийг төсвөөс гаргах болно.
Ерөнхийлөгчийн цэргийн "шинэ номлол" хэрэгжвэл Монгол Улсын зэвсэгт хүчин дэх төрлийн цэрэг устаж, тэр чигтээ "барилгын цэрэг" болно. Учир нь төмөр зам, даацын авто зам, уул уурхайн бүтээн байгуулалтад оролцож байгаа ангийн цэрэг нь 2 сая, бага тушаалын офицер гэхэд л 5 сая төгрөгийн цалин авч байхад ямар тэнэг нь агаарын болон хуурай цэргийн албанд зүтгэх билээ.
Нисэхийн, танкны, их бууны хороодын офицер, ахлагч, цэргүүд бүтээн байгуулалтын ангийнхантай барьцаад "бүтээн байгуулалтын талбай" руу "гүйнэ" шүү дээ. Тэднийг яаж алагчлан үзэж зогсоох юм.
Төрлийн цэрэг устаж "барилгын цэрэг" болбол зэвсэгт хүчин "тайван цагт болон дайны үед гаднын халдлагаас эх орноо хамгаалах" үүргээ биелүүлэх "байнгын бэлэн" байдалгүй болно. Зэвсэгт хүчин, зэвсэгт хүчин биш болж Буянгийн Жагаагийн хүсээд байсан "хөдөлмөрийн колони" мэт болно.
Ерөнхийлөгч Баттулга, Бат-Үүл хоёр цэргийн сургуульд сураагүй, тэр талын эрдэмгүй хүмүүс. Харин, манай генералууд бүгд цэргийн академи төгссөн. Зэвсэгт хүчинтэй холбоотой улсын бодлого, хуулиудыг боловсруулалцаж явсан хүмүүс. Монголын цэргийн эрдмийн "гал тогоо" гэсэн үг.
Гэтэл, манай цэргийн "академичид" маань, цэргийн боловсролгүй командлагчдаа асуудлыг зөвөөр ойлгуулахын оронд бүр хошхируулан суух юм. Бас, одоо хүчин төгөлдөр байгаа зэвсэгт хүчинтэй холбоотой бүх хуулийг сахин сануулж, үг хэлээ мэдэх ёстойгоо умартчихсан хөөрцөглөж байх юм. Даан ялангуяа, хошууч генерал А.Ганбат, хошууч генерал Д.Чимэд-Юндэн, хошууч генерал Я.Пүрэвдорж нар!
Манай Ерөнхийлөгчийн дэвшүүлээд байгаа, зэвсэгт хүчнийг барилгын цэрэг болгох санал, миний бодлоор супер авантюр санал.
Бүтээн байгуулалтын армийг санхүүжүүлэхэд шаардлагатай зардал дөрвөн сарын хугацаанд Монгол Улсын ДНБ-тэй бараг тэнцэж байна. 3 жилд есөн Монгол Улстай тэнцэнэ.Үүнийг супер авантюр гэхгүй бол өөр юуг супер авантюр гэх юм бэ?!
Бас хоёр хөрш маань 330000 цэрэгтэй, цэрэгжсэн эдийн засаг бүхий милитарист улс бий болж байгаа тохиолдолд сайн хөршийн найрсаг харилцаатай байх нь юу л бол.Чингисээс хойш ийм их цэрэгтэй Монголыг үзээгүй. Энэ их цэргийг нэгнийх нь эсрэг нөгөө нь турхирна гэдэг болгоомжлол төрөхийг үгүйсгэх аргагүй.
Ерөнхийлөгч, тоо тоолж, нөхцөл байдлыг үнэлж мэддэггүй тэнэг хүн биш. Ингээд бодохоор л Ерөнхийлөгч Баттулга яах гэж ийм супер авантюр байдал харуулаад байгаа юм бол гэсэн асуулт өөрийн эрхгүй ургаад байгаа юм.
Зэвсэгт хүчнээ барилгын цэрэг болгож "хорлох"-ын уг зорилго юу вэ? Би, мань эрийг Мадуро шиг дарангуйлалд ухаангүй шунаж эхэлжээ гэдгээс өөр гаргалгаа бодоод олохгүй байгаа юм.
Ямар ч атугай, ардчиллын төлөө хамтдаа тэмцэж явсан анд маань, ганц далайлтаар 90 оны ардчилсан хувьсгалын ололтыг устгахаар самуурч байгааг харахад зүрх минь шимширч байна.
Ардчилалд, монголчуудыг диваажид аваачих ид шид байгаагүй! Гэхдээ монголчуудад, амьдрал хэмээх нэг олдсон хувь заяандаа эзэн байх эрх чөлөөг олж өгсөн. 300 гаруй жилийн дараа шүү дээ!
Энэ эрх чөлөөний үр ашгийг хамгийн их хүртсэн хүний нэг бол монгол хүн Баттулга мөнөөс мөн. Ардчиллын буянаар бизнес хийж чинээлэг нэгэн болоод зогсохгүй Ерөнхийлөгч болсон хүн. Хойд Солонгос шиг улсын иргэн байсан бол Баттулгад хэзээ ч ийм боломж олдохгүй байсан!
Ерөнхийлөгч, Монгол Улсаа Хойд Солонгос шиг болгож,өөр шиг нь амьдралыг мөрөөддөг мянга мянган залуусын замыг хааж яах гэсэн юм бэ?! Залуустаа, Баттулга шиг ид хавтай сайхан амьдарч, ирээдүйд ерөнхийлөгч болох боломжийг нь үлдээх хэрэгтэй шүү дээ!
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл
Сэтгэгдэл бичигдээгүй байна