Аав минь дургүйцсэн эсвэл уулга алдахдаа ингэж дуу алддаг сан. Дургүйцлээ илэрхийлж хараал урсгахын оронд хүүхдүүд бид нь ингэж хэлээд сурчихсан сан.
…Социализмын үзэл суртлаар хордоогүй хэрнээ мэдээ орох цагаас интернэтийн орчинд дэлхийн хэмжээний мэдээлэл авч, ѳѳрсдийгѳѳ “лаг” гээд бодчихсон ѳнѳѳгийн залууст сайн муу 2 тал байнаа. Нэг талаасаа тэд шууд л ѳѳрсдийгѳѳ “Дэлхийн хүн” гээд бодчихсон болохоор ѳѳртѳѳ “мангар” итгэлтэй. Англиар мундаг яриад сурангуутаа бидний амьдралын туршлага, мэдлэгийг зүгээр л “нулимж” орхидог. Үг даахгүй гомдомхой, үйл даахгүй шантрамтгай, хайр даахгүй пээдгэр, халамж даахгүй тунимхай. Гэсэн атлаа ѳѳрсдийгѳѳ л “мундаг” гэж бодно, бусдыг үгүйсгээстэй. Жаахан учирлавал “үглэлээ” гэж уцаарлана, зааж ѳгѳх гэж хичээвэл “мэднэ” хэмээн бусгаастай, “тэнгэрийн амьтад” гэж ѳѳрсдийгѳѳ дѳвийлгэвч амьдрал дээр жаахан бэрхшээлд сѳгдѳж орхино. Бусдын үгийг анхааралтай сонсож “эрдэнэ” хэмээн хүлээж авна, ѳѳрийн итгэлээр бүх зүйлдээ хандах гэвч эрсдэлээ ѳѳрсдѳѳ үүрч давж гарна. Хамтдаа нѳхѳрлѳѳд зүтгэвэл “хад чулууг ч нүхэлнэ” гэж зүтгэдэг, хайр дааж чадаж гэмээ нь хамаг амьдралаа бусдын тѳлѳѳ үрэхээс ч цааргалахгүй, ирээдүйг дэндүү томоор харж чаддаг болохоороо томоор сэтгэж томоор зүтгэдэг болохоор тэд үнэхээр мундаг. “Тосоор гоож” гэж, тэдний зѳв бурууг нь ялгаж, бас тэдэнд итгэж тэднийг дэмжих сэн.
…Шинэ нийгмийг социалист аргаар удирдах гэсэн болхидуу оролдлогын золиос болсон ѳнѳѳгийн монголчууд бид мунхарсан “хүн сүрэг” болсоор удаж буй. Уншихгүй хэрнээ мэдэмхийрэх дуртай, учрыг нь олохгүй хэрнээ хийрхэх дуртай, сургаар л бүх зүйлийг дүгнэдэг, цуу яриаг ам дамжуулан тараадаг, мѳнгѳ тараавал үнэмшилээ арилжиж орхидог, ѳнгѳ харвал итгэлээ хугалж орхидог “хүн сүрэг” болон хувирчээ. Яг энэ сүргийн сэтгэлгээн дээр зальтай, туршлагатай улстѳрчид тоглож байна даа. Ѳѳрѳѳ хѳдѳлмѳрлѳхгүйгээр гэнэт баяжихыг хүссэндээ уул хаданд хадаг яндар уяна, “аз аз бурзай” хэмээн бичиж дамжуулбал “баяжина” хэмээн бие биенээ ятгана, түрийвчээ даллахад “их мѳнгѳ орно” гэж горьдоно, лам бѳѳд хувь заяагаа даатгахад “ажрахгүй” гэж ѳѳрийгѳѳ хуурна. “Тосоор гоож” гэж. Байгалийн баялагийг хувааж хүртээд жаргана гэж мѳрѳѳднѳ, балагтай улстѳрчдийг шоронд хатааж шонд дүүжлээд “сайхан болно” гэж итгэнэ, ѳѳрѳѳ залхуу арчаагүй болохоор мѳнгѳтэй хүмүүсийг үзэн ядаж, тэднийг хороон хѳрѳнгийг нь хувааж авахыг хүсэмжилнэ. Яг үнэндээ бид хэн болон хувирч байна вэ? “Тосоор гоож” гэж. Ѳѳрѳѳ хѳдѳлмѳрлѳхгүйгээр сайхан амьдрах боломжгүй гэж, ѳѳрѳѳ хичээхгүйгээр амьдрал нь тэгшрэхгүй гэж, ѳѳртѳѳ итгэхгүйгээр хувь заяандаа эзэн болж чадахгүй гэж тэдэнд ойлгуулах сан. “Тосоор гоож” гэж.
…Mѳнгѳний боол нь болж, ѳнгѳний ѳмнѳ сѳгдѳж, эрх мэдлийн ѳмнѳ зулгуйдан далдганадаг монголчууд бид аажим аажимдаа “хүн чанар”-аа алслан гээж буй. Тэр хэрээрээ “монгол мѳн чанар”- аа гээж, дооглож тохуурхдаг, доромжлон инээдэг бусад үндэстэнгүүддээ уусаж буй. “Дэлхийн бренд” түүхээ умартаж, дэлхийд гайхуулж асан монгол ухаанаасаа холдож, нүүдэлчин соёлоосоо алсран тасарч, нүгэл буяны дэнсээ ялгахаа больж, гэрийн үүд нь цуургатай болж, гэрт ирсэн зочдоо хоосон гаргадаг болж, цацаж бялхсан идээ ундаагаа мѳнгѳѳр арилжиж, цагаан цайлган сэтгэлээ хараар будаж, газар нутгаа шуналаар худалдаж, гайхуулж асан монгол баялагаа үгүй болгосоор байна. “Тосоор гоож” гэж. Ѳчүүхэн шуналаараа бие биенээ үзэн ядаж, ѳглѳг ѳгсѳн нэгэнд мѳн чанараа худалдаж, ѳѳр хоорондоо атгаг тачаалаар ѳрсѳлдѳж, ѳнгѳ мѳнгѳний ѳмнѳ мѳн чанараа арилжиж хэдий хугацааг элээх билээ бид. “Тосоор гоож” гэж. Зүгээр л бид судсаараа лугшиж буй бахархалаа сонсож, нүүдэлчин дасан зохицохуйн гайхамшигаа мэдэрч, бусдын дор орохгүй омогшилоо эв нэгдлээр гагнаж чаддаг бол юутай сайн сан. Цээжээ дэлдэж бус ухаанаа нэрж, цэцэрхэж маргалдаж бус учрыг нь тунгааж, хѳѳрч сагсуурч бус бусдаас ѳѳр гэдгээ ойлгож, хѳвчин энэ дэлхийд “Монгол” хэмээх суу алдрыг бадруулах сан. “Тосоор гоож” гэж. Салхи эргэж монголчууд бид сэрж бас ухаарч буй. Буруу зѳвийг ялгаж, үнэ цэнийг мэдэрч, хуурамч зусардал бүхнээс холдон дайжих болноо. Бид энэ дэлхийд ѳѳрсдийн орон зайгаараа оршихгүй бол ѳѳр хэн орших гэж. “Тосоор гоож” гэж.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2018-04-15
Сэтгэгдэл бичигдээгүй байна