Авто спортын хаан уралдаан Формула 1-ийн ДАШТ-ий 2020 оны хуваарьт нэгэн шинэ гранпри багтсан нь Вьетнамын гранпри юм. Уралдааны зохион байгуулагчид өнгөрсөн долоо хоногт Ханой хотын хүсэлтийг батлаж, 2020 оны ДАШТ-ээс эхлэн Ази тивд шинэ гранпри явагдах болсныг зарласан байна. Сүүлийн жилүүдэд Сингапур, Малайз зэрэг зүүн өмнөд Азийн уралдаанууд тасалбар борлуулалт тааруу байгаа гэнэ. Энэ нь ДАШТ-ийг зохион байгуулагчдад зүүн өмнөд Азиас шинэ зах зээл хайх ажлыг бий болгож, улмаар Ханой хотын хүсэлтийг хүлээн авсан аж. Сонирхуулахад 8 орчим сая хүн амтай Ханой хотын төв гудамжаар өдөрт хэдэн зуун мянгаар тоологдох мотоцикл зорчдог байна. Энэ жилийн Формула нэгийн улирал өндөрлөхөд одоо Бразил, Абу Дабигийн гран при үлдээд байгаа бөгөөд цомын эзний нэр хэдийнээ тодроод байгаа билээ. Мерседес багийн Британи нисгэгч Льюс Хэмилтон 5 удаагаа дэлхийн аваргад түрүүлсэн амжилтыг үзүүлсэн юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна