Хятадын цахим худалдааны Алибаба группыг үүсгэн байгуулагч, тус улсын хамгийн алдартай хөрөнгөтнүүдийн нэг Жек Ма Хятадын Коммунист Намын гишүүн гэдгийг ХКН-ын төв хэвлэл даваа гаригт анх удаагаа зарлажээ.
Жек Маг Хятадын Засгийн газартай ямар холбоотой тухай хардлага тасардаггүй байсан ч ихэнх хүмүүс түүнийг төрөөс ангид нэгэн гэж үздэг байсан. Тэрбээр өмнө нь улс төрийнхөн, Засгийн газартай харилцахдаа “Тэдэнд дурлаж болох ч гэрлэж болохгүй” гэсэн зарчим баримталдаг хэмээн ярьж байжээ.
ХКН-ын төв хэвлэлд Хятад улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 100 хүний жагсаалтыг гаргахад тэдний дотор Жек Ма багтсан байсан ба түүнийг ХКН-ын гишүүн хэмээн онцолсон байна. Гэхдээ хэзээ ХКН-д гишүүнээр элссэн тухай огт дурдаагүй аж. Өөрөө ч энэ тухайгаа ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Алибаба группыг анх нээлттэй компани болоход ХКН-д харьяалагддаг нэгэн компани хувьцааг нь ихээр худалдан авч байсан гэх мэдээлэл байдаг юм байна.
Түүнийг ийнхүү ХКН-ын гишүүн мөн гэдгийг зарласан нь Коммунист нам, Си Жиньпиний засаглалын нөлөө салбарт бүрт тэр тусмаа эдийн засгийн салбарт хүчтэй нөлөөтэй гэдгийг харуулахыг зорьсон үйлдэл байлаа гэж ажиглагчид дүгнэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна