Эцэг Буш таалал төгслөө

2018/12/03
АНУ-ын экс Ерөнхийлөгч Том Жорж Буш өнгөрсөн баасан гаригт 94 насандаа таалал төгсжээ.Том Жорж Буш нь 1989-1993 онд АНУ-ын 41 дэх удаагийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Тэрээр өөрийн гэргий Барбараг өөд болсноос хойш долоо хоногийн дараа буюу энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн цусны халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эрчимт эмчилгээ хийлгэж байсан юм.

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч "Эцэг Буш" буюу Жорж Хэрбэрт Уокер Буш 1924 оны зургадугаар сарын 12-ны өдөр Масачусэтд мэндэлсэн бөгөөд Гринвичийн орон нутгийн сургуульд суралцаж улмаар их сургуульд суралцах байсан ч Японы эзэнт гүрэн АНУ-ын Хавай аралд халдаж дэлхийн II дайныг өдөөснөөр 18 настай байсан тэрбээр их сургуульд орохоо хойшлуулж, тэнгисийн хүчинд алба хаажээ.

Дайны он жилүүдийн дараа буюу 1945 онд Буш эх нутагтаа эргэн ирж "Ели" их сургуульд элсэн орж, удалгүй Барбара Пюрсэтэй гэр бүл зохиож зургаан хүүхдийн эцэг болсон түүний хамгийн том хүү болох Жорж Уолкер Буш эцгийнхээ адил АНУ-ын ерөнхийлөгч болсон юм.

Түүний гэр бүл баруун Техас руу нүүж Буш газрын тосны бизнест орсноор сая саяар тоологдох их хөрөнгө цуглуулж чаджээ. 1964 оноос эхлэн түүний улс төрийн амьдрал хүчтэй өрнөсөн бөгөөд конгрессийн гишүүн, Хятадад суух АНУ-ын албан ёсны төлөөлөгч, Оюун ухааны төвийн захирал зэрэг албан тушаал хашиж 1989 онд ерөнхийлөгчийн өрсөлдөөнд ялснаар нэгдсэн улсын "Эцэг Буш" болсон юм.

Тэрбээр 1991 онд Ирак Кувейтэд халдсаныг буруутгаж, холбоотны хүчин Кувейтийг чөлөөлөх дайныг удирдаж дэлхийн дахинаа нэр хүнд нь өссөн. Харин 1992 онд залуухан эдийн засагч, шинэчлэгч Билл Клинтонд ялагдсанаар түүний улс төрийн карьер төгссөн гэхэд болно.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна