Ажилтнууд хангалттай унтаж амарсныхаа төлөө мөнгө нэмэж авна

2018/12/03
Токио хотод байрладаг хуримын үйлчилгээний компани ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарсан уг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Японд хүмүүс хэт их ачаалалтай ажилласнаас болж стресстэх, нойргүйдэх зэрэг олон сөрөг үр дагавар гарч, санаа зовоодог. Тэгвэл Crazy компаний зүгээс ажилтнуудаа хоногт хамгийн багадаа 6 цаг унтаж чадсан тохиолдолд онооны системээр үнэлдэг бөгөөд жилдээ түүнийгээ нэгтгэсэн байдлаар гаргаж, дээд тал нь 64,000 иень буюу 570 ам.долларын урамшууллыг ажилчиддаа олгодог. Дээрхи мөнгөн урамшууллыг бэлэн мөнгөөр олгодоггүй, оронд нь компаний харьяалагдах хоолны газар, кофе шопоор үйлчлүүлэх эрхээр сольдог ажээ.


 
Ажилчдынхаа унтаж буй цагийг бүртгэхийн тулд Airweave Inc нэртэй матрасс, унтлагын дэвсгэр үйлдвэрлэгч компаний гаргасан гар утасны ухаалаг аппликейшныг ашиглаж байгаа юм. Хүн нойр хангалттай авч чадахгүй байснаар, цусны даралт ихсэх, харвах, ядаргаанд орох зэрэг эрсдлүүд бий. Хэрэв нойргүйдэх байдал даамжирвал, ухаан санаа хямрах, бие эрхтний хэвийн ажиллагаа алдагдах, бүр цаашлаад амь насаа алдах аюултай. Тэвэл Crazy компаний CEO Казухико Морияма нь унтаж амрах, нойрны асуудалд Япон улс шинэ хандлага нэвтрүүлэх ёстой гэж үздэг. Түүнийхээ ч илэрхийлэл болгож, дээрхи урамшууллын системийг нэвтрүүлжээ.


 
Дашрамд хэлэхэд Япон улсад хүн амын насжилт нь улам өндөр болж, хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний дутагдал ажиглагдаж байгаа учраас компаниуд боловсон хүчнийхээ эрүүл мэндэд ийнхүү анхаарч байна. Ажилтныг хэт олон цагаар ажиллалуулах, ачааллыг хэтрүүлэх нь тухайн ажилтны хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж, компанид авчрах үр ашгаасаа илүү эрсдлийг бий болгодог гэнэ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна