ОХУ, ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус газрын тос олборлогч орнуудын нэгдэл ирэх жилээс газрын тосны олборлолтыг бууруулахаар санал нэгдлээ.
Австрийн нийслэл Вена хотод ОПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болж байгаа билээ. Харин Пүрэв гаригт болсон уулзалтын үеэр төлөөлөгчид газрын тосны олборлолтыг бууруулах тохиромжтой арга замыг олоход зөвшилцөлд хүрч чадаагүй бөгөөд энэ асуудлыг Баасан гаригт болох ОХУ ба ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын нэгдлийн уулзалтын үеэр дахин хэлэлцэхээр шийдвэрлээд байв. Тус уулзалтын үеэр оролцогч талууд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг барих зорилгоор ирэх онд олборлолтын хэмжээг бууруулахаар шийдвэрлэсэн байна.
Тэдний хэлэлцэн тохирсноор, ирэх оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сарын хугацаанд газрын тосны нийлүүлэлтээ энэ оны аравдугаар сарынхтай харьцуулахад өдөрт 1.2 сая барреллиар бууруулах юм. Тухайлбал, Саудын Араб тэргүүтэй ОПЕК-ийн гишүүн орнууд олборлолтоо өдөрт 800’000 баррелиар бууруулах бол гишүүн бус орнууд нь 400’000 баррелиар бууруулах аж.
АНУ-ын Ираны газрын тосонд тавьсан хоригоос үүдэлтэйгээр хэд хэдэн улс орнууд газрын тосны олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлээд байсан билээ. Үүнээс болж дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом хэлбэлзэж, аравдугаар сараас хойш үнэ нь буурахад хүрсэн юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна