Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нийгэм, эдийн засгийн шинэчлэлтийн бодлого болоод “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр”-ээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд шатахууны үнийг нэмэх шийдвэр гаргасан билээ. Өмнө нь олон удаа нэмэгдэж байсан шатахууны үнийг ирэх 2019 оны нэгдүгээр сараас эхлэн дахин нэмэгдүүлнэ гэсэн мэдээ нь ард иргэдийн уур бухимдлыг төрүүлж, тэд “шар хантаазтаны жагсаал” хөдөлгөөнийг дөрвөн долоо хоногийн турш, орон даяар өрнүүлж, эрх баригчдад болоод нийгэмд ихээхэн цочроо өгөөд байсан юм. Тэдний жагсаал тэмцэл улам бүр хурц, ширүүн өнгө аястай болж байснаас үүдэн Францын Ерөнхийлөгч өчигдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ.
Юуны өмнө, тэрбээр улс оронд нь үүсээд байгаа эмх замбараагүй нөхцөл байдалд Ерөнхийлөгчийн хувьд бүрэн хариуцлага хүлээхээ мэдэгдсэн. “Франц улс нийгэм, эдийн засгийн хувьд онц байдалтай тулгараад байна” гэжээ. Нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээний хувьд тэрбээр парламент болон Засгийн газрын зүгээс шаардлагатай хуулийн төслүүдэд дэмжлэг авах, мөн ард иргэдийг аж амьдралдаа зарцуулах хангалттай мөнгөтэй болгохын тулд илүү цагийн болон бонус цалинг татвараас чөлөөлөх алхмыг хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
“Хүмүүс ажил хийгээд, авсан цалингаараа хангалуун, нэр төртэй амьдардаг байхыг бид хүсдэг. Тиймээс ирэх жилээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 еврогоор нэмэгдүүлж, сард 2000 еврогоос бага цалин авдаг хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргаж байна” гэлээ.
Францад шатахууны үнэ удаа дараа нэмэгдсэнээр амьжиргааны өртөг нэмэгдэж, жирийн ард иргэдийн нуруун дээрх ачаа хүндрэх болсон нь жагсаал, цуглаан гаргахад хүргэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Макроны Засаг захиргаа шатахууны үнийг ойрын нэг жилийн хугацаанд дахин нэмэхгүй байх шийдвэр гаргасан боловч энэ нь уурлаж бухимдсан ард иргэдийг тайвшруулахад хангалтгүй байсан учраас өнгөрсөн бямба гаригт жагсаал цуглаан дахин өрнөсөн билээ. Энэ үеэр жагсагчид байшин барилга, гудамж талбай, дэлгүүр, кафе зэргийг шатаан сүйтгэж, цагдаагийн албан хаагчдыг олноор нь гэмтээсэн хэрэг гарсан юм. Жилийн энэ үед Парис хотноо зул сарын уур амьсгал орж, жуулчид ихээр ирдэг боловч энэ жилийн хувьд нөхцөл байдал тэс өөр байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна