ОХУ Курилын аралд цэрэг оруулна

2018/12/18
ОХУ Курилын арлуудад цэргийн хуарангуудыг шинээр байгуулж, илүү олон цэргүүдийг оруулан, хуягт танк явуулах зам, дэд бүтцийг нь сайжруулахаар төлөвлөж байгаа тухай мэдээллээ.
 
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд тус мэдэгдлийг хийхдээ Японтой газар нутгийн маргаантай байдаг дөрвөн арлын хоёрт нь ирэх долоо хоногоос эхлэн цэрэг, зэвсгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай хэлсэн байна. Харин тус мэдэгдлийг хийхийн өмнөхөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх 2019 оны нэгдүгээр сарын 21-нд ОХУ-д айлчилж, харилцааны маргаантай асуудлуудын талаар хэлэлцэхээр болсон тухай мэдээлсэн билээ.

ОХУ, Японы Курилын арлуудын харьяаллын тухай маргаан нь хоёр улсын харилцаанд саад тотгор учруулж буй томоохон хүчин зүйлсийн нэг нь юм. Тухайлбал, газар нутгийн маргаантай асуудлаас үүдэн хоёр улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй явж ирсэн.
 
Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ тус арлуудыг эзлэн авч, хяналтаа тогтоосон бөгөөд өдгөө өмнөд үзүүрийн дөрвөн арал нь ОХУ, Японы хооронд маргаантай байдаг байна. Хоёр талын дипломатууд энхийн гэрээний хариу болгон дөрвөн арлын хоёрыг нь Японы талд шилжүүлэн өгч болох тухай ярилцсаар ирсэн. Уг асуудлаар В.Путин, Шинзо Абэ нар олон удаа дээд хэмжээний уулзалтыг хийсэн ч тодорхой үр дүн хүрээгүй өнөөг хүрсэн юм.

Курилын арлуудад цэрэг, армийн үйл ажиллагаатай холбоотой хурцадмал байдал үргэлжилсээр байгаа юм. Японы зүгээс тус арлуудад явуулж буй цэргийн үйл ажиллагаагаа зогсоохыг ОХУ-аас удаа дараа шаардсан. Харин ОХУ тус арлуудын хоёрыг нь Японд шилжүүлэн өгч болох ч АНУ-ын цэргийн бааз, зэвсэглэл байрлах вий гэдгээс болгоомжилдог байна.


 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна