Google компани Нью-Йорк хотын Хадсон-Скуэр гудамжинд шинэ барилга барихын тулд нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлав. АНУ-ын хамгийн том хотод Google компанийн төв оффист 7000 хүн ажиллаж байгаа бөгөөд энэхүү хайлтын систем ирэх 10 жилийн дотор энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэх бодолтой байгаа юм. Хадсон-Скуэр гудамжинд орших 157 мянган хавтгай дөрвөлжин метр талбай ийнхүү олон улсын бизнесийг зохион байгуулах талбар болно.
2020 он гэхэд энэ гудамжинд баригдах хоёр барилгад ажилтнууд нүүж орох бөгөөд Вашингтон Стрийт гудамжинд байрлах гурав дахь оффис үүнээс хоёр жилийн дараа нээлтээ хийх аж. Энэ оны хавар Google компани Нью-Йорк хотод байрладаг төв оффисынхоо эсрэг талд орших байгууламжийг 2,4 тэрбум доллараар худалдаж авсан билээ. Мөн энэ жил тус компани Детроит, Боулдер, Лос-Анжелес, Теннесси, Алабамад шинэ байр, дата төвүүдийг нээсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Apple компани АНУ-д шинэ оффистой болоход нэг тэрбум доллар зарцуулахаа мэдэгдсэн билээ. Тэд Остин хотын хойд хэсэгт 5-15 мянган хүн ажиллах цогцолборыг нээхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна