Дэлхийн хамгийн хойд захын хотын банкийг дээрэмджээ

Өчигдөр 15 цаг 24 минут
Зэвсэглэсэн этгээд манай дэлхийн хамгийн хойд захын хотод банк дээрэмдээд удалгүй баригдсан болохыг Норвегийн эрх баригчид мэдээлжээ.
 
Хэрэг гарсан Свальбард арал нь Норвеги, Хойд туйлын цэг хоёрын яг дунд байрладаг. Тус арал дээр ийм төрлийн гэмт хэрэг гарч байсан түүхгүй гэнэ.

 
 
Банк дээрэмдсэн этгээдийг галт зэвсэг, мөнгөний хамтаар арлын нийслэл Лонгийрбин хотын төвөөс баривчилжээ.
 
Баривчлагдсан этгээд нь Свальбард аралд гаднаас ирсэн жуулчин байсан гэнэ. Түүнийг Норвегийн хойд эргийн Тромсё хотод хүргэж, байцаахаар болсон байна.
Сэжигтэн хэн болох, ямар зэвсэг хэрэглэсэн, хэр их мөнгө дээрэмдсэн зэргийг цагдаа нар нууцалж байгаа ажээ. Свальбард арлын төв Лонгийрбин хот 2,000 орчим оршин суугчтай, тэдний ихэнх нь бие биеэ мэддэг.
 
Энэ арал дээр хүнээсээ олон цагаан баавгай амьдардаг гэдэг юм. Арлыг гадаад ертөнцтэй холбодог цорын ганц тээврийн хэрэгсэл нь нисэх онгоц ажээ.
 
Бельгийн газар нутгаас бараг хоёр дахин том Свальбард арал нь Хойд туйлын цэгээс 1,000 км зайтай оршдог. Агаарын хэм нь өвөлдөө Цельсийн -20 хэмээс үргэлж бага байдаг, заримдаа -40 хэмээс доош буурдаг гэнэ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна