Дэлхийн 3-р дайн өрнөж мэдэх халуун цэгүүд

16 цаг 34 минутын өмнө
АНУ-ын армийн цэргийн коллежийн профессор Роберт Фарли "The National Interest" сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ ирэх 2019 онд Өмнөд Хятадын тэнгис, Украйн, Персийн булан, Солонгосын хойгийг дэлхийн гуравдугаар дайн дэгдэж болзошгүй "хамгийн халуун бүс нутаг хэвээр байна” хэмээн бичжээ.
 
Фарлийн хэлснээр, тэдгээр “халуун цэгүүд”-ийн нэг нь АНУ, Хятадын зөрчилдөөн хурцдаж, худалдааны дайнд хөтөлж буй Өмнөд Хятадын тэнгис аж. Тэрбээр “Өнөө үед эдийн засгийн хориг, тарифын маргааны хүрээнд тэмцэл өрнөж байгаа ч хоёр талын харилцаа муудаж буй тул зөрчил мөргөлдөөн гарах магадлалтай” гэжээ.
 
Дэлхийн гуравдугаар дайн дэгдэж болзошгүй дараагийн газраар Украиныг нэрлэсэн байна. Тэрбээр Керчийн хоолойд болсон саяхны явдлыг сануулаад, энэ нь бүс нутгийн хувьд хурцадмал байдал үүсэхэд нөлөөлсөн хэмээн тэмдэглэжээ.
 
Профессор Персийн буланг мөн "халуун цэг"-ээр нэрлэсэн байна. Иранд АНУ-ын үзүүлж буй эдийн засгийн дарамт шахалт, түүнчлэн Йемен, Сири дэх мөргөлдөөнөөс үүдэлтэй түгшүүртэй байдал даамжирч буй билээ.
 
Мөн дэлхийн гуравдугаар дайн дэгдэж болзошгүй “халуун цэг”-ээр Солонгосын хойгийг нэрлэжээ. Профессор Фарлийн бодлоор АНУ, БНАСАУ-ын харилцаа хэзээ ч муудаж мэдэх бөгөөд өөр чухал тоглогч болох Хятад, Япон ч Солонгосын хойгийн асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа аж.
 
Тэрбээр “халуун цэгүүд” яваандаа бусад бүс нутагт ч гарч ирж болох талтай гэж бичжээ. Жишээлбэл, Балт орчмын нутаг, Азербайжан, Кашмир юм уу, Венесуэлд ийм мөргөлдөөн дэгдэж болох бөгөөд ойрын ирээдүй нь саяхны өнгөрсөн үеийг бодвол илүү аюултай болж магадгүй хэмээн профессор Фарли үзэж буй юм байна.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна