Муаммар Каддафийн хүү Путинээс тусламж хүсэв

14 цаг 9 минутын өмнө
Ливийн дарангуйлагч агсан Муаммар Каддафийн хүү ОХУ-аас улс төрийн дэмжлэг хүссэн талаар Москвагийн эх сурвалж мэдээлжээ. Саяхан өршөөлөөр шоронгоос суллагдсан, эдүгээ 46 настай Саиф аль-Ислам арванхоёрдугаар сарын эхээр Оросын Гадаад хэргийн сайдын орлогч Михаил Богдановтой уулзуулахаар төлөөлөгчөө илгээсэн байна. Түүний төлөөлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хаягласан захидлыг Оросын дипломатчид гардуулан өгчээ. Хэвлэлд мэдээлснээр, тэрбээр Путин болон Оросын засгийн газарт талархаж буйгаа илэрхийлээд, Ливи дэх улс төрийн хүсэл эрмэлзлийг нь дэмжихийг хүссэн байна.
Бага Каддафи өмнө нь ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчидтэй цахимаар холбогдож байжээ. "Bloomberg" агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр 2019 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж буй юм байна.

Эдүгээ Орос улстай Ливийн үндэсний армийн жанжин Марал Халиф Хэнстер, НҮБ-ын дэмжлэгтэй Үндэсний эвслийн Засгийн газрын Ерөнхий сайд Файеза аль-Сарраджа нар харилцаа холбоотой байгаа аж. Оросын эрх баригчид Ливийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэдний хэнийг нь дэмжих тодорхойгүй байгаа юм байна. Одоогийн байдлаар, Оросын компаниуд Ливитэй дэд бүтцийг хөгжүүлэх, нөөц эзэмших тухай хэлэлцээр хийж байгаа аж.

Муаммар Каддафи 2011 оны аравдугаар сарын 20-нд босогчдын гарт амь үрэгдсэн. Түүнийг нас барсны дараа Ливид иргэний дайн эхэлж, газар нутгийнх нь хэсгийг радикал исламистууд эзэлсний үр дүнд одоогийн байдлаар хоёр засгийн газар ажиллаж буй. Үүнд, тус улсын зүүн талд буюу Тобрук хотод ард түмний сонгосон парламент, баруун зүгт Триполид НҮБ болон барууны орнуудын дэмжлэгтэйгээр байгуулагдсан үндэсний засгийн газар үйл ажиллагаа явуулж буй юм байна.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна