ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Украины эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Хоригийн жагсаалтад Украины хууль сахиулах байгууллага, хил хамгааллын удирдлагууд багтсаны зэрэгцээ Дээд радын гишүүд нэмэгдсэн байна.
ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар, нийт 200 гаруй хувь хүн, байгууллагад эдийн засгийн тусгай хориг арга хэмжээ авч буй ажээ. Тухайлбал, Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын газрын дарга Васил Бурба, Улсын хилийн албаны дарга Пирот Цигамик, Үндэсний цагдаагийн дэд дарга Вадим Трянь, мөн Дотоод явдлын яамны дэд тэргүүн Сергей Яаровой нарт хориг арга хэмжээ авсан байна.
Мөн Оросын хоригт Одесса хотын дарга Геннадий Труханов, Дээд радын депутат Борис Кокырь, Александр Вилкул, Любомир Зубач, Вадим Ивченко, Константин Ищейкин, Мария Ионова нар болон Украины Анагаахын шинжлэх ухааны академийн гишүүн-сурвалжлагч Владимир Гусак нар багтжээ.
Хоригийн жагсаалтад Украины эрчим хүчний үйлдвэрүүдийн нийт хүчин чадлын 14%-ийг бүрдүүлдэг “Centrenergo” улсын эрчим хүчний компани, “Укроссимбанк" банк, цэргийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг "Укроллонпром", "Ukrspetsexport" компаниуд орсон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна