АНУ-ын хил дээр ахин нэг дүрвэгч хүүхэд нас барлаа

2018/12/26
АНУ Мексикийн хил дээрх дүрвэгчдийг түр саатуулах байранд дахин нэг хүүхэд нас барсан хэрэг гарчээ.  Гватемала улсаас ирсэн найман настай хүү арванхоёрдугаар сарын 25-ны үдэш АНУ-ын түр саатуулах байранд нас барсан байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар анх ирэхдээ хүүгийн бие муу байсан гэв.  Өмнөх өдөр нь хүүг эмчид үзүүлэхэд ханиадтай байна гэж оношлоод өвчин намдаах эм болон антибиотик бичиж өгсөн байна. Хүү нас барахаасаа өмнө их бөөлжиж байсан гэнэ.

Хэдхэн хоногийн өмнө Гватемала улсаас эцэг эхтэйгээ хамт дүрвэн ирсэн долоон настай охин АНУ-ын түр саатуулах байр руу ороод нэг цагийн дараа нас барсан юм. Жакелин Каал охин эцэг эхтэйгээ АНУ-ын хил рүү хууль бусаар нэвтрэхийг оролдоод түр хоригдож байсан бөгөөд элэгний үйл ажиллагаа нь доголдсоны улмаас нас барсан хэмээн АНУ-ын албаны хүмүүс мэдээлжээ.

Гэвч мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар охин хэд хоног хоол ундгүй явснаас болж нас барсан байж болзошгүй гэнэ.
Мексикээр дамжин АНУ-руу нэвтрэхээр оролдож байгаа дүрвэгсдийн цуваа тасрахгүй байгаа  бөгөөд АНУ дүрвэгсдийг хүлээж авахыг хүсэхгүй байгаа. Мексикийн хил рүү мянга мянган цэргээ илгээж, эсэргүүцэл үзүүлж, хууль бусаар хилээр нэвтрэхийг оролдсон дүрвэгчдийг нулимс асгаруулагч хий ашиглан зогсоож, түр саатуулах байранд заримыг нь хорьж байгаа юм.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна