БНСУ-д дасгалжуулагчдын ёс зүйгүй байдал газар авсныг гэрчлэх өөр нэг тамирчин бий. Тэр бол талбайн теннисчин Ким Ен Хее юм.
Талбайн теннисний тамирчин болох мөрөөдөлтэй Ким Ен Хеег 10 настай, бага ангийн сурагч байхаас нь их спортын А-г заасан багш нь зодож, хүчирхийлдэг байсан талаар анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Тэр үед хүүхдээрээ байсан учир багш, дасгалжуулагчийн хооронд ийм харилцаа байх ёсгүй талаар мэдлэг, мэдээлэл муу байсан гэнэ. AFP-д өгсөн ярилцлагадаа “Дасгалжуулагчийн ийм харилцаа хоёр жил гаруй үргэжилсэн. Энэ талаар биднээс өөр хэн ч мэдэж болохгүй, нууц гэж хэлдэг байлаа” гэж ярьжээ.
Өдгөө 27 настай Ким дасгалжулагчаа шүүхэд өгснөөс хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгч байгаа нь энэ юм.
“Өмнө нь энэ зөвхөн миний асуудал гэж боддог байлаа. Гэхдээ дуугүй байвал иймэрхүү асуудал үргэлж оршсоор байх юм байна, тиймээс үгээ хэлж, ирээдүйтэй тамирчдыг өөр шигээ асуудалд оруулахгүй гэдэг үүднээс хэвлэлд хандахаас өөр аргагүй юм” гэж тэр олон жил чимээгүй явж ирснээ тайлбарлав.
“Дасгалжуулагч маань миний өдөр тутмын амьдралыг хянадаг байлаа. Ямар хоол идэх, хэзээ унтах гээд бүх зүйлийг зааж өгдөг. Зодуулах нь бэлтгэлийн нэг хэсэг гэж ойлгуулдаг байлаа” гэж тэр нэмж өгүүлсэн.
Сохор нүд
БНСУ-ын спортын байгууллага болон олимпийн хорооноос 2014 онд явуулсан судалгаагаар долоон эмэгтэй тамирчдын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн баримт бий. Үүнээс 70 орчим хувь нь хууль хяналтын байгууллагад хандалгүй, нууц хэвээр нь үлдээдэг гэж хариулжээ.
Дасгалжуулагчдын ёс бус үйлдэл хэт гаарах болсны бас нэг шалтгаан нь ихэнхдээ нууц хэвээр үлддэг, эсвэл мэдэгдсэн ч маш бага торгууль, шийтгэл авсан болоод сул чөлөөтэй явах, ажлаа үргэлжлүүлэн хийх зэрэг нөлөөлсөн. Одоогоос гурван жилийн өмнө шорт трекийн олимпийн аварга нэгэн дасгалжуулагч эмэгтэй тамирчдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон ч мөнгөн торгууль төлөөд өнгөрч байв. Сочигийн олимпод тус улсын эмэгтэй кёрлингийн багийн дасгалжуулагчаар ажилласан Чой Мин Сүк шавь нартаа бэлгийн дарамт үзүүлээд ажлаасаа халагдсан ч удалгүй өөр нэгэн кёрлингийн багийн дасгалжуулагчаар томилогдсон. Олимпийн дөрвөн медальтай шорт трекийн тамирчин Шим Сүк Хеег Пёнчаны олимпийн үеэр багш нь зодож, эмчийн туслалцаа авах шаардлагатай болсон ч тусламж үзүүлээгүй хэрэгт шүүхээс ял сонссон юм.
Хүчирхийлэгчийг зогсоох хүсэл
Ким авьяаслаг теннисчин байсан. Гэхдээ тэр хэзээ ч өөрийнхөө хүсч байсан амжилтад хүрч чадаагүй. Түүнд мөрөөдөл байсан ч дасгалжуулагчийнх нь үйлдэл боломж олгоогүй юм. “Намайг хүчирхийлсэн гэмт хэрэгтэн сул чөлөөтэй явж, саяхныг хүртэл залуу охидуудад теннис заасаар байгааг харах хэцүү байлаа. Удаан тэвчсэн ч залуу охидыг өөр шигээ амьдрал туулахгүй, амжилт гаргаасай гэж хүссэн тул хуулийн байгууллагад хандахаар шийдсэн” гэж тэр ярьжээ. Ким шүүхэд хандаж, дөрвөн найз нь хүчирхийллийг гэрчилснээр өнгөрсөн аравдугаар сард түүний дасгалжуулагч нь хүчирхийлэл үйлдэж, бусдын биед халдсан хэргээр 10 жилийн хорих ял сонссон билээ.
Одоо Ким өөрөө залуу охидод талбайн теннис заадаг болсон юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна