Москвад баригдсан тагнуулчтай АНУ-ын элчин сайд уулзав

2019/01/04
АНУ-ын иргэн Паул Уэланыг ОХУ-ын эрх ашигтай холбоотой нууц мэдээ, материалыг цуглуулсан учраас тагнуулч хэмээн үзэж, баривчилсан тухай ОХУ-ын Аюулгүй байдлын яамнаас Мягмар гаригт мэдээлсэн билээ. Харин өчигдөр түүнийг ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жонн Хантсмантай уулзуулсан байна. Уулзалтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийжээ.

“Хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид Оросын талаас шаардаж байгаа бөгөөд хэрвээ баттай үндэслэлгүйгээр АНУ-ын иргэнийг баривчилсан нь тогтоогдвол түүнийг яаралтай эх оронд нь буцаан авчрах арга хэмжээ авах болно” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Паул Уэланыг өнгөрсөн Баасан гаригт Москва хотод баривчилсан бөгөөд тэрбээр тэнгисийн цэрэгт хамт албан хааж байсан найзынхаа хуримд очихоор ОХУ-ыг зорьсон аж. ОХУ-ын зүгээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хэрвээ тагнуулын үйл ажиллагаа явуулсан нь нотлогдвол 20 хүртэлх жил шоронд хорих ялаар шийтгэгдэх юм.

АНУ-ын иргэн Паул Уэланыг ОХУ-д тагнуулын хэргээр баривчилсан цаг хугацааг нь дүгнэн үзвэл улс төрийн ашиг сонирхлын үүднээс хэрэгт гүтгэсэн гэж үзэх үндэслэлтэй хэмээн АНУ-ын хэвлэлүүд бичиж байна. Тухайлбал, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг ид шалгаж байгаа төдийгүй, түүнийг баривчлагдахаас хэдхэн хоногийн өмнө тагнуулын хэргээр АНУ-д баривчлагдан, хоригдож байгаа ОХУ-ын иргэн Марина Бутина хэргээ хүлээсэн билээ. ОХУ-ын зүгээс Марина Бутинаг тагнуулч байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сард хийсэн жилийн ажлаа дүгнэх хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна