Тайландад жуулчдыг нүүлгэн шилжүүлж байна

2019/01/04
Орон нутгийн цагаар баасан гарагийн орой 19 цагт Тайландын эргийн арлуудыг Пабук далайн шуурга дайран өнгөрнө гэж цаг уур судлалын газраас анхаарууллаа. Сэрэмжлүүлэг дохионы дараа эргийн орчимд, арлуудад амарч аялж буй мянга мянган жуулчин, оршин суугчийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

Засгийн газрын эх сурвалжийн мэдээгээр 16 мужийн олон мянган иргэн, аялагч жуулчныг арлууд, далайн эргээс холдуулахаар ажиллажээ. Пабук далайн шуурга нь ойрын хэдэн арван жил Тайланд улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөөгүй хүчтэй хар салхи болохыг анхааруулж байна.

Далайн эргийн орчимд байдаг сургуулиудыг хааж, Тайландын зэвсэгт хүчин бэлэн байдалд шилжжээ. Бангкок Эйрвэйс нислэгийн компани аюулгүй байдлын үүднээс Кох Самуй арлын чиглэлд хийх баасан гарагийн бүх нислэгээ цуцлаад байна. Пабук далайн шуурга Андаманы тэнгисээр дамжиж ирэх долоо хоногт Мьянмар, Бангладеш, Энэтхэг улсуудыг дайран өнгөрнө гэжээ.
 
Тайланд улсын түүхэнд хэд хэдэн удаа хүчтэй далайн шуурга дайран өнгөрч их хэмжээний гарз хохирол учруулж байсан. 1962 онд Харриет халуун орны далайн шуурга асар их хэмжээний хөрсний гулсалт үүсгэж 12 мужид 900 хүн амиа алдаж байжээ. 1989 онд Гэй далай шуурга зүүн өмнөд Азийн орнуудыг дайран өнгөрөхдөө Тайландад ч мөн гарз хохирол учруулсан байжээ.




 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна