Кубын тусгаар тогтнол Фидель Кастрогийн эхлүүлсэн хувьсгалаас үүдэлтэй, үнэ цэнэтэй. 1959 онд болсон хувьсгал энэ жил 60 настай золгож байна. Ойн арга хэмжээн дээр Кубын удирдагч агсан Фидель Кастрогийн дүү, тус улсын төрийн тэргүүн асан Рауль Кастро үг хэлжээ.
60 жилийн хугацаанд хүн хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж тэтгэвэртээ гарсан байдаг бол “хувьсгал өтөлж хөгширдөггүй” хэмээн Рауль ойн арга хэмжээн дээр ярьжээ. Тэрээр ах Фиделийг 2006 онд таалал төгссөнөөс хойш 2018 оны эхэн хүртэл Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаад Мигуэл Диаз Канельд халаагаа шилжүүлсэн ч Кубын эрх баригч Коммунист намын дарга хэвээрээ байгаа юм.
Рауль Кастро АНУ-тай зөрчил маргаантай хэвээр байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа гэдгээ илэрхийлжээ. Барак Обама Америкийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед хоёр улсын харилцаа эргэн сэргэж байсан ч Дональд Трамп сонгогдсоны дараа дахин зөрчилдөх болжээ.
Коммунист намын дарга “хэдий тийм ч АНУ-тай олон талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан хүндэлж, тайван замаар хэлэлцэх хүсэлтэй” хэмээн хэлжээ.
Куба улсад ирэх сард үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар бүх нийтийн санал хураалт явуулна. Шинэ үеийн залуус илүү нээлттэй, эрх чөлөөтэй, хөгжин цэцэглэсэн нийгмийг шаардах болсон юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна