Итали улс дахь хойд солонгосын элчин сайд алга болжээ

2019/01/04
Өмнөд Солонгосын тагнуулын албанаас Умард Солонгос улсаас Итали улсад элчин сайдын үүргийг түр хугацаанд гүйцэтгэж байсан дипломат албан тушаалтан сураггүй алга болсон тухай мэдээллээ. Италийн Засгийн газар уг мэдээллийг өнөөдөр бататгалаа.
 
2017 оноос хойш Жо Сонг Гиль Ром дахь элчин сайдын үүрэг гүйцэтгэж байжээ. Түүний түр үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрсөн 11 дүгээр сард дууссан юм. Энэ үеэр Жо Сонг Гиль эхнэрийн хамт ор сураггүй алга болжээ.
 
Сураггүй болсон Жо нь 2015 оноос хойш Ром дахь элчин сайдын яаманд ажилласан байна. Түүнийг гэр бүлийн хамт өрнөдийн орнууд аль эсвэл Өмнөд Солонгос улс руу дүрвэсэн байж болзошгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл улс эх орноосоо урваж зугтсан байж магадгүй юм.
 
Хэрэв урвасан бол Их Британид дипломатчийн үүрэг гүйцэтгэж байсан Тай Ён Хо Пхеньянаас урваж Өмнөд Солонгос улсад ирсэнтэй адил хэрэг болно. 2016 онд болсон уг хэргээс хойш Умардын өндөр дээд албан тушаалтан оргож, урвасан анхны тохиолдол болох аж.
 
Гэвч Өмнөд Солонгосын Засгийн газарт орогнол хүссэн бичиг огт ирээгүй гэдгийг баталсан ба Итали улсын Гадаад хэргийн яамнаас Жотой холбоотой орогнол хүссэн бичиг баримт илгээгээгүй гэдгийг мэдэгдээд байна. 48 настай Умард Солонгосын иргэн Жо Сонг Гиль нь Ким Жон Ун удирдагчийн дэглэм дэх өндөр дээд албан тушаалтны хүүхэд гэсэн мэдээлэл байгаа.
 
Умард Солонгос, Итали улсууд 2000 оноос хойш дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2017 онд удирдагч Ким ээлжит цөмийн туршилтаа хийхэд Умард Солонгосын элчин сайд асан Мун Жон Намыг албадан гаргасан юм.



 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна